2024 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 03:20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний утсанд тус сумын нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл ирсэн.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын бүрэлдэхүүн Сант суманд очиж мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд явуулсан байна.
Шалгалтын явцад Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга ажилтай иргэн Б нь бусдад зодуулсан байдалтай нас барсан болох нь тогтоогдсон.
Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын цагдаагийн ажилтнууд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Урьдчилсан байдлаар иргэн О нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж амь хохирогч Б-г зодож, хүзүүн тус газар нь цохисны улмаас нас барсан байна.
Хэрэгт холбогдогч О-г согтуурлын хэмжигч багажаар шалгахад 1.28 хувийн согтолтой, амь хохирогчийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь тогтоогдсон, холбогдогчийн хувьд Сант суманд амьдардаг, сонгуулийн үйл ажиллагаанд ухуулагчийн үнэмлэх авсан болох нь тогтоогдсон.
Шалгалтыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагааг шуурхай явууллаа.
Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, прокурорын байгууллагаас хянаж үзээд хэргийг шүүхэд шилжүүлдэг бөгөөд шүүхээс хянан хэлэлцээд холбогдох хуульд заасан хариуцлагыг оногдуулдаг зохицуулалттай.
Цагдаагийн байгууллагаас хэргийг шуурхай, шударга шалган шийдвэрлэхэд эргэлзэх зүйлгүй, цагдаагийн байгууллагын удирдлагын шийдвэрийн дагуу төрөл мэргэжлийн туршлагатай чадвартай алба хаагчид ажиллахаар явсан.
Цагдаагийн байгууллага аливаа үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ улс төржих асуудал байхгүй зөвхөн хуулийг хэрэгжүүлж ажиллахаас гадна, прокурорын байгууллагаас шалгалтын явц байдалд оролцож, хуулийн дагуу хяналт тавьж ажилладаг болно гэж ЦЕГ-аас мэдээлэв.
АДМИН








Нийгэм






