Dark Light
Нийгэм | 2024-06-18

Нэг л өдөр насаараа хураасан бүхэн минь үгүйрчихлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст, Жаргалант, Өлзийт багт  17:30-18:30 цагийн хооронд түр зуурын бороо орсны улмаас айл өрхүүд усанд автаж, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлсэн.

Энэ талаар Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Х.Баярсайханаас тодрууллаа.

-Яг одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-Нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байна. 150 гаруй айл өрх усанд автсан. Бид цаг үеийн шуурхай мэдээллээ албаны пейжээрээ дамжуулан мэдээлж байгаа. Одоогоор бид бүгд бужигнаад ажил ихтэй л байна.

-Онцгой байдлын ерөнхий газраас баг гарчихсан очиж байгаа гэсэн үү?

-Тийм. Одоогоор арай ирээгүй байна. Замдаа яваа байх. 

-Үерийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан уу?

-Одоогоор тийм тохиолдол байхгүй. Ажил ихтэй байгаа тул нэмэлт мэдээллийг манай Завхан Онцгой байдлын газар гэсэн хуудсаас авна уу. 

Жинст багт үүссэн уруйн үерийн улмаас усанд автсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, иргэдийг аврах ажлыг Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Цагдаагийн газар, Аймгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн ажиллаж Жинст багийн үерт өртсөн 51 өрхөөс 15 өрхийг нүүлгэн шилжүүлж, 25 хүнийг авран хамгаалаад байна. Цаашид үерт өртсөн Жинст багийн 36 өрхийг нүүлгэн шилжүүлэх, лаг шаврыг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа юм.

Ингээд аймгийн сургуулийн удирдах албан тушаалтай Ганбаатартай холбогдлоо. Тэрбээр

“Нөхцөл байдал маш хүнд байна. Бид энэ хүнд үеийг яаж хохирол багатай даван гарах уу гэдэг чиглэлээр ажиллаж байна. Одоогоор өөр нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. 

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн иргэн Л.Бадамхоролтой ярилцлаа. 

-Байдал ямар байна вэ?

-Маш хүнд байна. Манай гэр тэр чигтээ усанд автсан. Гэр рүүгээ орох ямар ч боломжгүй болсон. 

-Үер буух үед та гэртээ байсан уу?

-Гэрт хүн байгаагүй. Гадуур ажилтай явж байгаад гэнэтийн хүчтэй борооноос хоргодож, орж дуусахаар нь ажлаасаа гарсан. Гэвч гэр орон минь тэр чигтээ усанд автчихсан тул орж чадаагүй. 

-Танайх ам бүл хэдүүлээ айл вэ. Одоо хаана байрлаж байна вэ?

-Манайх гурван хүүхэдтэй таван ам бүл. Одоогоор эгчийндээ очсон байгаа. 

-Танайх энд хэр удаан амьдарсан бэ?

-Удаж байгаа. 20 гаруй жил болчихсон. Угаасаа ч аймгийнхаа төвд суурьшсан айл. Нэг л өдөр насаараа хураасан бүхэн минь үгүйрчихлээ. Байгалийн гамшиг гэдэг үнэхээр аюултай эд байдаг юм байна. 

-Урьд нь ийм хэмжээний үер болж байсан уу?

-Үгүй. Миний мэдэхийн энд амьдарч ирсэн хугацаанд болж байгаагүй. Ёстой л нөгөө байгалийн давагдашгүй хүчин зүйл гээч нь юм байна. 

-Та бүхний биеийн байдал ямар байна вэ?

-Бие зүгээр. Сэтгэл санаа тогтворгүй маш их хямарч байна. Гэнэтийн зовлон гэдэг үнэхээр айхавтар хатуу байдаг юм байна. 

-Цаашид яах вэ?

-Эрүүл саруул, элэг бүтэн үлдсэн хойно болох байх аа. Ямартаа ч эрүүл мэндээрээ хохироогүйгээс хойш дахин босгохын төлөө зүтгэнэ дээ. 

С.ОТГОНБАЯР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10