Батлан хамгаалахын сайд, УИХ-ын сонгуулийн I тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаяр мэдээлэл хийлээ.
Юуны өмнө Өвөрхангай аймгийн Сант суманд зургаадугаар сарын 15-16-нд шилжих шөнө эрдэнэт хүний амь нас эрсэдсэн асуудалд талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлж байна. Би монгол цэргийн хүн, эцэг хүн, эр хүний хувьд туйлын их харамсаж байна. Би өөрийнхөө улс төрийн ёс зүйг баримталж, монгол хүний жудгийг сахин улс төрийн сонгуулийн сурталчилгаагаа зогсоогоод байгаа. Гэтэл АН-ын дарга Лу.Гантөмөр, нэр дэвшигч С.Ганбаатар нар намайг улс төрийн захиалгат аллагад ичгүүр сонжуургүйгээр гүтгэж байна. Онц ноцтой гэмт хэрэгт гүтгэлээ. Энэ их уй гашууг өөрсдийнхөө улс төрийн өчүүхэн зорилгод ашиглаж байгаа энэхүү ёс жудаггүй асуудлаа нэн даруй зогсоохыг монгол хүний ёсоор шаардаж байна. Би энэ асуудлыг сонгуулийн болон хуулийн бүх шатны байгууллагад тавина гэдгээ албан ёсоор мэдэгдье. Ганбаатар, Гантөмөр нартай улс төрийн захиалгат аллагад гүтгэсэн асуудлаар хаа байгаа газар нь очиж олон түмний нүдэн дээр нүүр тулан уулзахад бэлэн. Уулзана гэж бодож байгаагаа илэрхийлье. Эцэст нь энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшин оролцож байгаа нийт нэр дэвшигчдэдээ ёс зүйтэй шударгаар өрсөлдөхийг уриалж байна.
Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-МАН-аас таныг нэр дэвшигчээс татсан. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Нэр дэвших асуудал хуультай. Хоёрхон тохиолдолд нэр дэвшигчийг татна. Нэгдүгээрт, нэр дэвшигч амь насаа алдсан тохиолдолд. Хоёрдугаарт, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тохиолдолд. Тийм учраас үүнд нэр дэвшигчийг татах асуудал яригдахгүй.
-Сонгуульдаа үргэлжлүүлэн оролцоно гэсэн үг үү?
-Сонгуулийн сурталчилгаандаа үргэлжлээд оролцоод, өрсөлдөх ажиллагаагаа үргэлжлүүлээд явна аа л гэж ойлгох хэрэгтэй.
-Одоогоор зогсоосон гэсэн байх аа?
-Эрдэнэт хүний амь нас эрсэдчихээд байна. Би хувь хүний ёс зүйгээ баримтлаад түр зогсоосон.
-Эсрэг намаас юу гэж гүтгээд байгаа вэ?
-Эсрэг намын нөхөд хаа явсан газраа улс төрийн захиалгат аллага хийлээ. Улс төрийн захиалгат аллага үйлдлээ гэдэг зүйл улайм цайм яриад явж байна.
-Энэ үйл явдалтай холбоотой хүн ямар учиртай юм бэ?
-Энэ асуудалд холбогдсон хүн миний нэр дээр бүртгэлтэй ухуулагч юм байна лээ. Тийм учраас энэ АН-ынхан над руу хандаад байгаа байх гэж би харж байна. Тэгж ч ойлгож байна.
-Та тэр хүнийг таних уу?
-Огт танихгүй. Таних боломж байхгүй.
-Та Батлан хамгаалахын сайдаар олон жил ажилласан. Салбартаа ямар ажил хийж байгаа вэ?
-Шинэчлэл хийгээд явж байгаа. Үргэлжилнэ.
-Тэгэхээр намаас таныг татлаа гэсэн. Намын удирдлагуудын хооронд үүнээс болж асуудал үүсэх үү?
-Сонгуулийн тухай хуульд тодорхой заасан байгаа. Хоёр л үндэслэлээр нэр дэвшигчийг эгүүлэн татна. Нам нэр дэвшигчийг татах ямар нэгэн эрх зүйн үндэслэл байхгүй.
-Намаас тантай уулзсан уу. Энэ талаар хэлж сануулсан уу?
-Намаас надтай холбогдсон. Нөхцөл байдлын талаар ярилцсан. Үүсээд байгаа асуудалтай холбоотой ийм нөхцөл байдал болж байна шүү гэдгийг надад мэдэгдсэн. Тухайн үед би сонгуулийн сурталчилгааны ажилтай орон нутагт явж байсан. Утсаар холбогдсон.
-Та тэгэхээр ямар арга хэмжээ авах вэ?
-Би улс төрийн сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигч. Хуулиар эрхээ хамгаалуулсан. Нэр дэвшигчийн бүрэн эрх халдашгүй байгаа. Гэтэл миний бүрэн эрхэд халдаж намайг бүр онц ноцтой гэмт хэрэгт гүтгэж байгаа явдал үнэхээр хууль бус асуудал. Би монгол хүний хувьд, хувь хүний хувьд, цэргийн хүний хувьд, хууль хүчний байгууллагын хүний хувьд өөрийнхөө эрх ашгийг хамгаалах ёстой. Тийм учраас энэ асуудлыг та бүхэнд гаргаж тавьж байна.
С.ОТГОН
АДМИН








Нийгэм






