Өчигдөр буюу 2024 оны 6 сарын 19-ний өдөр орсон борооны улмаас Хэнтий аймаг, Завхан аймаг, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт гэр, хашаа, байшин усанд автжээ. Тодруулбал:
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэн багийн "Гичгэн майхны хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т, 47°24'38.2176"N 109°39'38.8476"/ зургаадугаар сарын 19-ны өдрийн 17:00 цагт салхины хурд 18-20 м/с хүрч 1 өрх айлын 5 ханатай гэр унасан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны байцаагч нарыг очиход малчин Г-ын 5 ханатай гэр нурсан байсныг засварлаж гэрийг барьж өгсөн.
Улаанбаатар хот, Налайх дүүргийн 3, 4 дүгээр хороонд зургаадугаар сарын 19-ний өдрийн 15:45-16:15 цагийн хооронд түр зуурын усархаг бороо орсны улмаас 2 гэр, 1 байшин, 2 автомашин усанд автсан тухай дуудлагыг 16:00-16:35 цагийн хооронд хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж гэр байшинд орсон усыг соруулж гаргасан.
Улаанбаатар хот, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны "Уурхайчид"-ын 14, 25 дугаар гудамжинд зургаадугаар сарын 19-ний өдрийн 15:45-16:15 цагийн хооронд түр зуурын усархаг бороо орсны улмаас 3 өрх айлын 2 байшин, 4 гэр усанд автсан тухай дуудлагыг 16:00-16:35 цагийн хооронд хүлээн авсан. Уул уурхайн Аврах 09 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж 4 гэр, 2 байшинд орсон 85 тонн усыг шавхан гаргаж, 20 метрийн урттай шуудуу ухаж, 1,5 метрийн өндөр, 80 см-ийн өргөнтэй 15 метрийн урттай шороон даланг 18:10 цагт босгож дууссан.
Завхан аймаг, Улиастай сумын Жинст багийн “МУИС-ийн дээд хэсэг”-ийн ... дугаар гудамжны ... тоотод /47.747372,96.835198/ зургаадугаар сарын 19-ний өдрийн 21:00 цагт усархаг бороо орсны улмаас 1 айлын хашаа, байшин усанд автсан тухай дуудлагыг 23:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчдыг очиход 7х8 метрийн хэмжээтэй байшин усад автсан байсныг ажиллаж усыг шавхаж 80 метрийн урттай шороон далан босгосон байна.
АДМИН








Нийгэм






