БОРООНЫ УЛС ТӨР
Ойрын өдрүүдэд бороо хур ихтэй байна. Монгол хүнд наадам ямар ч тохиолдолд сайхан болдог. Нартай наадам, нар хур тэгширсэн наадам, бороо хуртай наадам гэсэн гурван хувилбар бүгдээрээ сайхан наадам болдог.
Харин сонгуулиар бол өөр. Эрх баригч МАН хотод бороо битгий ороосой, гантай газруудаар шиврээрэй гэж хүсэж байна. Харин АН хот суурин газарт олигтойхон асгараасай, үер буувал рийл лайв хийх камер аппаратаа бэлтгээд хүлээж байна. ХҮН нам болохоор бороо хурын талаар бодлогын мэтгэлцээн хийе гэж цэцэрхэж мэдэмхийрэх тоо баримтуудаа цуглуулж байна.
Улсын хэмжээнд УИХ-ын сонгуулийн 1239 нэр дэвшигчдэд 180 гаруй мянган ухуулагч сонин сэтгүүл тараах, уулзалтанд ирж уухайлан алга таших, хамт сээлфийдэх, эсрэг талын уулзалтыг үймүүлэх, гадаа нь уйлж хэвтэх гэх мэт олон төрлийн үүрэгтэй цалинтай, цагийн ажил хийж байна.
Томсгосон тойрогт олон ухуулагч ажиллаж байгаа нь асуудал дагуулж байна. Ухуулагч нь нэр дэвшигчээ танихгүй, нэр дэвшигч нь ухуулагчдаа танихгүй, хоорондоо танилцах хооронд нь сонгууль дуусчих гээд хүндрэл бэрхшээл их байна. Ухуулагч өөрийнхөө нэр дэвшигчийн нэрийг андуурахгүй байх, намыг нь холихгүй байх нь чухал. Суманд 200 хүн тутамд 1, аймгийн төвд 400 хүн тутамд 1 ухуулагч байлгах хуультай. Цалин цавуу нь хаа юм гээд өвөө, эмээ, эхнэр нөхөр, бэр, хүү 6 тус бүр өөр өөр нэр дэвшигчийн ухуулагч болсон ч хариуцсан 200 сонгогчоо ятгаж сэнхрүүлэх, суртал нэвтрүүлэг явуулах нь бүү хэл гэр дотроо яг тэнцчихээд наашаа ч үгүй цаашаа ч үгүй байдалтай байна.
Монголын насанд хүрэгчдийн 10 хүн тутмын нэг нь ухуулагч болсон тул ухуулж ятгаж гавъяа болдоггүй юм гэхэд улаантан, цагаантан, ногоонтон, ягаантан болж уурлан тэрсэлдэхгүй, дүрдээ итгэж дүнхүүрэхгүй, ууж идэхдээ улс төржихгүй, зодолдож нүдэлдэхгүй, өвдөхгүй, цус харвахгүй байх нь л улс төрийн онцгой чухал үүрэг даалгавар болоод байна. Эцсийн эцэст эмээ, өвөө, ээж аав, хүү, бэр Та зургаа нэг биш олон санал өгнө. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдгийг амьдрал дээр батлан бие биенийхээ нэр дэвшигчид саналаа өгчихөд л болно шүү дээ.
АДМИН








Нийгэм






