Өнөөдөр Онцгой байдлын өдөр. Одоогоос 20 жилийн өмнөх энэ өдөр орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагджээ. 20 жилийн хугацаанд 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн эд хөрөнгийг тэд хамгаалсан байна.
Түүх сөхвөл тэртээ 20 жилийн өмнө Иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газар нэгдэн Гамшгаас хамгаалах ерөнхий газар хэмээн анх нэрийджээ. Үүнээс нэг жилийн дараа буюу 2004 онд Онцгой байдлын ерөнхий газар хэмээн нэрлэснээр орчин цагийн онцгой байдлын байгууллага үүссэн гэж тооцох болжээ.
Онцгой байдлын албанд ажиллаж байсан үе үеийнхэн хэлдэг, ярьдаг. Анх хангамж, хэрэглээ муу байсан. Одоо харин сайжирсан гэдэг. Сайжирсан юм бол яагаад тавхан сарын дотор 5 алба хаагч амиа алдав. Мэргэжлийн удирдлагаар хангаж чадаж байгаа юу. Мэргэшүүлэн сургаж бас чадаж байгаа юу? Энэ өдөр та бүхэн амиа алдсан алба хаагчдаа дурсаж байгаа юу? Тэдэнд өгөх ёстой амлалтуудаа биелүүлсэн үү? Удирдлагуудаа, улсын эрх баригчид аа!
Ганцхан жишээ дурдъя. Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” сүлжээ дэлгүүрийн агуулахад 2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гал гарч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ үеэр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Д.Жанчив амиа алдсан. Ослын дараа Улсын онцгой комисс, Онцгой байдлын газрын удирдлагууд ар гэрт нь нөхөн олговруудыг хуулийн дагуу өгнө, мөн гурван өрөө байрыг ч олгоно гэж байв.
Гэтэл түүний ар гэрт олгох ёстой байрыг хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн энэ үед ч олгоогүй л байна.
Энэ талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянаас тодруулахад “Нөхөн олговор олгогдсон. Одоо байр шийдэх асуудал дүүрэгт шилжсэн яваа” гэж сар гаруйн өмнө сэтгүүлчдийг хүлээж авсан уулзалт дээр хэлж байв. Өнгөрсөн долоо хоногт амь үрэгдсэн алба хаагчдын байрыг шийдэж өгсөн эсэх талаар холбогдох газруудаас тодруулахад 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр ХУД-т 10 давхар байрны гал унтраах явцдаа утаажилтын бүсээс иргэдийг гаргаж яваад амиа алдсан 29 настай алба хаагч, 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Дүнжингарав худалдааны төвийн уулзварт гарсан газны ослын улмаас амь үрэгдсэн гурван алба хаагчийн ар гэрт 3 өрөө байрыг шийдэж өгсөн. Сүүлд осолдсон алба хаагчийн ар гэрт олгох байр хүлээлттэй байгаа гэсэн юм.
Яагаад хүлээгдэх болов?
Ахлах ахлагч Н.Жанчивын гэргий Б.Ганцэцэг “Би өнөөдөр 16:00 цагт хагалгаанд орохоор гадаад руу ниснэ. Нисэхээсээ өмнө ямар нэгэн сураг дуулчихъя гэсэн боловч дахиад долоо хоног хүлээ гэсэн. Надад хүлээх цаг хугацаа үлдсэнгүй” гэлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашнямаас энэ талаар тодруулахад “Чингэлтэй дүүргээс энэхүү санхүүжилтийг олгож шийдвэрлэхээр болсон” гэв. Чингэлтэй дүүргийн удирдлагууд болон ИТХ-аас тодруулахад “Нийслэлийн төсөв хэлэлцэгдэж байгаа. Нийслэлийн төсөв батлагдсаны дараа дүүргийн төсөв батлагдана. Үүний дараа дүүргийн ИТХ-аар энэ асуудал хэлэлцэгдэж батлагдана. Харин тэр хуралдах тов нь тодорхойгүй. Хуулиндаа байр олгох тухай заалт байхгүй” гэсэн юм.
Яагаад эдгээр алба хаагчдаас хамгийн олон жил ажилласан, хамгийн олон хүүхэдтэй алба хаагчийн асуудлыг одоо хүртэл шийдсэнгүй вэ? Яагаад энэ хүний асуудлыг хөндтөл "Хууль байхгүй" гэж хэлэв?
Үүнд хариулт өгөх хүн байна уу?
С.ОТГОНБАЯР
АДМИН








Нийгэм






