Хан-Уул дүүргийн прокурор, цагдаагийн байгууллагын алба хаагчдад нэгдсэн сургалт зохион байгууллаа. Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, хүний эрхийн боловсролыг дэмжих зорилгоор Хан-Уул дүүргийн Прокурор, Цагдаагийн газраас 2024 оны зургаадугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, үзэл баримтлал, үр нөлөө, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлэгт Комиссын төлөөлөл оролцлоо.
Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн доктор Б.Энхболд “Халдашгүй чөлөөтэй байх эрх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэж буй байдалд хийсэн дүн шинжилгээ, урьдчилан сэргийлэх асуудал”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, үзэл баримтлал, үр нөлөө”, Хан-Уул дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Т.Мөнхжаргал “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, Хан-Уул дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Чинзориг “Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад хүнийг саатуулах, эрх хязгаарлах арга хэмжээний хууль зүйн үндэслэл” сэдвүүдээр тус тус сургалт явуулав.
Сургалтад тус дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн газрын нэг, хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн болон Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 80 гаруй алба хаагчид оролцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
АДМИН








Нийгэм





