АНУ-ын Нью-Йорк хотын Тавдугаар өргөн чөлөө (Fifth Avenue) Лондонгийн Нью-Бонд гудамж болон Милан хотын Монте Наполеоне гудамжийг ардаа орхиж, дэлхийн хамгийн өндөр түрээсийн үнэтэй худалдааны гудамжийн жагсаалтыг дахин тэргүүлжээ.
Энэ талаар олон улсын зөвлөх үйлчилгээний Cushman & Wakefield компанийн дэлхийн 147 томоохон худалдааны гудамжийг хамарсан “Main Streets Across the World 2026” судалгаанд дурдсан байна.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Манхэттений нэр хүндтэй бүсэд байрлах худалдаа, үйлчилгээний талбайн түрээсийн үнэ 35 хувиар өсөж, нэг ам метр талбайн жилийн түрээс ойролцоогоор 29,063 ам.долларт хүрчээ.
Ингэснээр Тавдугаар өргөн чөлөө жагсаалтын гуравдугаар байрнаас нэгдүгээр байрт дэвшиж, 2023 оноос хойш анх удаа тэргүүлсэн байна.
Харин өнгөрсөн жилийн жагсаалтыг тэргүүлж байсан Лондон хотын Нью-Бонд гудамжны нэг ам метр талбайн жилийн түрээс 24,004 ам.доллар, Милан хотын Виа Монте Наполеоне гудамжных 23,250 ам.доллар байгаа аж. Эдгээр хоёр гудамжны түрээсийн үнэ сүүлийн нэг жилд бараг өөрчлөгдөөгүй байна.
Тус судалгаанд Нью-Йоркийн Тавдугаар өргөн чөлөөний 49 дүгээр гудамж дахь “Saks Fifth Avenue” их дэлгүүрээс Төв цэцэрлэгт хүрээлэнгийн 60 дугаар гудамж орчмын зүүн өмнөд хэсэг хүртэлх, ойролцоогоор хагас милийн урттай хэсгийг хамруулжээ.
Энэ бүсэд дэлхийн алдартай брэндүүдийн нэрийн дэлгүүр, үнэт эдлэлийн худалдааны төвүүдээс гадна “Tiffany & Co.”, “Bergdorf Goodman” зэрэг тансаг зэрэглэлийн их дэлгүүрүүд байрладаг байна.






Гадаад


