“Хааны эрэлд-2024” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлтийн ажиллагааны үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба Энэтхэг-Номхон далай дахь Америкийн Нэгдсэн Улсын Хуурай замын цэргийн командлагчийн орлогч дарга хошууч генерал Скотт Винтерийг 7 дугаар сарын 27-ны өдөр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны чадавхыг дээшлүүлэхэд АНУ-ын дэмжлэг томоохон байр суурь эзэлж ирснийг онцолсон. Тухайлбал, Ирак, Афганистан улсад явагдсан эвслийн цэргийн ажиллагаа, НҮБ-ын мандаттай бусад ажиллагаануудад Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдыг бэлтгэх, чадавхыг дээшлүүлж, үүргээ амжилттай гүйцэтгэхэд нь чухал дэмжлэг үзүүлж байсныг дурдсан. Мөн тэрээр цаашид Энэтхэг-Номхон далай дахь Цэргийн командлалаас зохион байгуулж буй сургалт, дадлага, хурал, семинар, уулзалтад Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг өргөнөөр оролцуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Хошууч генерал Скотт Винтер зуны сайхан дэлгэр цагт Монгол Улсад зочилж, “Хааны эрэлд-2024” сургуулийн нээлтийн ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Бид олон ажил, арга хэмжээ, хамтарсан сургалт, дадлага, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгаа бөгөөд цаашид манай хоёр улсын батлан хамгаалах, цэргийн хамтын ажиллагаа улам бүр хөгжинө гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямбыг АНУ-д айлчлахыг урилаа.
АДМИН








Нийгэм






