Бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах хэргээр ял тулгагдан хоригдож байхдаа 2019 онд шоронд нас барсан Америкийн тэрбумтан Жеффри Эпштейний үхэл нь амиа хорлолт бус, харин хүн амины хэрэг байсан байх өндөр магадлалтай гэх шинэ дүгнэлтийг олон улсын шүүх эмнэлгийн шинжээчдийн баг танилцууллаа.
АНУ-ын Шүүх, хууль зүйн анагаах ухааны сэтгүүлийн ерөнхий редактор, шүүх эмнэлгийн шинжээч профессор Майкл Фриман, Шведийн Умео их сургуулийн шүүх эмнэлгийн профессор Андерс Эрикссон болон танин мэдэхүйн мэдрэл судлаач Итиель Дрор нар Эпштейний 2019 оны задлан шинжилгээний хавтаст хэрэг, өмнө нь олон нийтэд дэлгэгдэж байгаагүй гэрэл зургуудыг хэдэн сарын турш судалж, 3D загварчлалаар сэргээн босголт хийжээ. Тэд судалгааныхаа үр дүнг энэ долоо хоногийн Даваа гарагт Лондон хотноо танилцуулсан байна.
Шинжээчид яагаад “Хүн амины хэрэг” гэж дүгнэв?
Профессор М.Фриман BBC болон CBS News-д өгсөн ярилцлагадаа, задлан шинжилгээний зураг дээрх шарх, гэмтлүүд нь өөрийгөө боомилж амиа хорлосон хүнийхтэй огт таарахгүй байгааг онцолсон юм. Түүний дүгнэлтээр:
-
Хүзүүн дэх оосрын мөр ба хумсны ором: Хүзүүн дээрх оосрын ором нь орны хөлнөөс өөрийгөө дүүжилсэн мэт ташуу бус, харин ар талаас нь нарийн зангилаатай даавуугаар боомилсон шинжтэй байна. Түүнчлэн оосрын мөрний дээд хэсэгт хумсны ором байгаа нь хохирогч хүзүүн дэх оосроо тайлж, өөрийгөө аврах гэж оролдсоныг илтгэж байгаа аж.
-
Бусад гэмтэл ба цус хуралт: Эпштейний зүүн мөрөнд гүн цус хуралт үүссэн, нуруундаа шархтай, мөн нүүрэнд нь цохиулсан байж болзошгүй гэмтэл илэрсэн нь халдлагад өртөж, тэмцэлдсэний шинж хэмээн шинжээчид үзжээ.
-
Цогцсыг өлгөсөн байж болзошгүй: Шинжээчдийн үзэж буйгаар Эпштейнийг эхлээд ар талаас нь оосроор боомилж хөнөөгөөд, дараа нь амиа хорлосон мэт харагдуулахын тулд уг оосроор нь хоёр давхар орноос дүүжилсэн байх магадлалтай байна.
Энэхүү бие даасан шинжилгээг Эпштейний төрсөн дүү Марк Эпштейний гаргаж өгсөн баримт материалуудад үндэслэн хийсэн бөгөөд профессор Фриман үүний төлөө ямар ч хөлс аваагүй гэдгээ мэдэгдсэн юм. Марк Эпштейн дүүгээ алуулсан гэдэгт анхнаасаа итгэлтэй байсан бөгөөд энэхүү дүгнэлтийн дараа хүн амины хэргийн бүрэн хэмжээний мөрдөн шалгах ажиллагааг дахин эхлүүлэхийг шаарджээ.
Нью-Йоркийн Шүүх эмнэлэг байр суурин дээрээ бат зогсож байна
Харин 2019 онд задлан шинжилгээг хийсэн Нью-Йорк хотын Шүүх эмнэлгийн алба энэ долоо хоногт CNN болон New York Times-д өгсөн тайлбартаа Эпштейнийг “өөрийгөө боомилж амиа хорлосон” гэх анхны албан ёсны дүгнэлт дээрээ бат зогсож байгаагаа дахин мэдэгдлээ. Тэд тухайн үед хохирогчийн биед боомилуулсан хүнд байдаг өөрийгөө хамгаалсан шарх байгаагүй гэж үзсэн юм. Гэхдээ 2019 онд түүнийг нас барах үед өрөөнийх нь гаднах хяналтын камерууд ажиллахгүй байсан болон цогцсыг буулгахаас өмнөх хэргийн газрын зураг авагдаагүй зэрэг нь олон нийтийн эргэлзээг өнөөдрийг хүртэл тайлахгүй байгаа билээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад




