“Хүүхэд бүр ялагч – Хүүхэд бүр хамгаалагч” уриатай хүүхдийн марафон зохион байгуулагдлаа
Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан “Хүүхэд бүр ялагч – Хүүхэд бүр хамгаалагч” уриатай хүүхдийн марафоныг 2025 оны тавдугаар сарын 31-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь хүүхэд бүрийг ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, хамгаалуулах, хөгжих эрхээ бодитоор эдлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Мөн хүүхдийн үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах, эерэг хандлага, зөв соёлыг төлөвшүүлэхэд чиглэжээ.
Марафонд нийт 8,000 гаруй хүүхэд оролцож, өөрсдийн хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд энэ үеэр хүүхдийн хүсэл мөрөөдлийг тусгах “Хүслийн хайрцаг” байрлуулж, авьяас сонирхлоо илэрхийлэх The Open Mic арга хэмжээг зохион байгуулсан байна.
Мөн Цагдаагийн байгууллагаас аюулгүй байдлыг ханган ажиллаж, хүүхдүүд болон эцэг эхчүүдэд:
Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх,
Үе тэнгийн дээрэлхэлттэй хэрхэн тэмцэх,
Хууль эрх зүйн зөвлөгөө, санамж, сэрэмжлүүлэг өгөх зэрэг ажлыг хамтран зохион байгуулжээ.
Арга хэмжээний хүрээнд хүүхдүүд зөвхөн гүйж, баярлаад зогсохгүй өөрсдийгөө болон бусдыг хамгаалах эрх, үүргийн талаар ойлголт авч, үнэ цэнтэй мэдлэг мэдээлэлтэй болсон нь онцлог байв.