2025 оны тавдугаар сарын 31-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон “Реппер 113”-ын “Зуны зугаа 2025” шоу тоглолтын үеэр олон нийтийг түгшээсэн эмх замбараагүй байдал гарч, зодоон, хутгалалтын хэрэг бүртгэгдсэн талаар цахим сүлжээнд болон хууль хяналтын байгууллагуудаас мэдээлж байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, шөнийн 03:30 цагийн үед нэг иргэн гуяныхаа ар талд хутгалуулсан дуудлага бүртгэгдсэн бөгөөд уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Мөн тус тоглолтын үеэр нийтдээ 35 дуудлага, гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Хутгалуулсан нэг иргэн өөрийн цахим сүлжээндээ:
"Зуны зугаа боллоодоо... 5см гүн хутгалууллаа. Надаас гадна өчнөөн хүн ийм байдалтай... ийм шоу байх??????" хэмээн бухимдлаа илэрхийлсэн байна.
Мөн цахим орчинд тархсан бичлэг, сэтгэгдлүүдэд үзэгчдийн хооронд зодоон гарч буй дүрс бичлэгүүд нийтлэгдсэн бөгөөд олон хүн шоуны зохион байгуулалт муу, хяналт сул, хамгаалалт хангалтгүй байсан талаар шүүмжлэн бичиж байна. Тоглолтын орчин архидалт, завхайрал газар авсан бөгөөд оролцогчдын дийлэнх нь өсвөр насныхан байсныг ч олон иргэн онцолжээ.
Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Галсансүх энэ тоглолтын үеэр тайзан дээр шүлэг унших үеэрээ нэгэн үзэгчийн халдлагад өртсөн тухай өөрийн цахим хуудсандаа бичсэн байна. Тэрбээр:
“Зохион байгуулагч дүү нарын зүгээс уншихыг хүссэн 5 шүлгийг өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд олон мянган залуусын өмнө дуудлаа. Халамцуу гөлөмцүү нэг дүү цохиж зодох гэж тайз руу авиран гарч дайрсныг эс тооцвол сайхан байлаа” хэмээн бичжээ.
Одоогийн байдлаар албан ёсны тайлбар, хариуцлага хүлээсэн мэдэгдэл зохион байгуулагч талаас гараагүй байна. Цагдаагийн байгууллагаас шалгалт үргэлжилж буйг мэдэгдэж, олон нийтийг олон хүн цугларсан арга хэмжээнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг уриалж байна.