Өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон “Зуны зугаа” хөгжмийн тоглолтын үеэр олон нийтийн дунд эмх замбараагүй байдал үүсч, иргэдийн амгалан тайван байдал алдагдсан ноцтой нөхцөл байдал бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, тус тоглолтын үеэр бусдын биед халдсан, танхайрсан зэрэг 35 удаагийн дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүнээс гадна цахим орчинд өсвөр насны хүүхдүүд хутгалуулсан талаарх мэдээлэл тарж, олон нийтийн санаа зовнилыг төрүүлэв.
Урьд шөнө 03.30 цагийн орчимд нэгэн иргэн тоглолт үзэж байх үедээ гуя хэсэгтээ зүсэгдэж гэмтсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус хэрэгт холбогдуулан одоогоор 20 орчим хүнийг шалгаж байгаа бөгөөд сэжигтнүүдийн нэгийг баривчлан мэдүүлэг авч эхэлсэн байна.
Мөн уг хэрэгтэй холбогдуулан гурав дахь этгээд хутгалуулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд хохирогчдын дунд өсвөр насны хүүхдүүд байгаа эсэхийг шалгаж байна.
Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд олон нийтийн арга хэмжээний аюулгүй байдал, зохион байгуулалттай холбоотой асуудлыг дахин хөндөх шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байна.