Dark Light
Нийгэм | 2025-09-01

“ӨВӨӨГИЙНХӨӨ АВЧИРСАН ЯЛАЛТЫН ЖИМЭЭР АЛХАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙНА”

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэхүү дайны ялалтаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дэлхий нийтэд дахин баталгаажуулсан бөгөөд Монголын Ардын армийн 21 мянган цэрэг эрс эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж байсан түүхтэй. Тэртээ жилүүдэд “Дайн гэдэг хүсэх юм ерөөс биш, гэхдээ тулаад ирвэл зугтах зүйл бүр биш” гэдэгчлэн 21 мянган цэрэг эрсийн нэг болон мордсон ахмад дайчин бол Төв аймгийн Эрдэнэсант сумын хүү, хошууч Чулууны Гомбо байв. 
 
Тэрээр 1932-1952 онуудад дэслэгчээс хошууч цолтойгоор зүүн хязгаар Хайлаар, Халуун рашаан, Солонгот, Баянцагааны нуруу, Баянтүмэн, Чоноголын отрядаас баруун хязгаар Байтаг Богд хүртэл улс төрийн ажилтнаар алба хааж, дайны хүнд жилүүдэд ч эх орныхоо төлөө тулалдаж явсан баатарлаг эр зоригт ахмад дайчин юм. 
 
Тэгвэл хамгийн сонирхолтой нь ахмад дайчны зээ хүү дэслэгч Д.Билгүүн (256) өвөөгийнхөө замналаар цэргийн хүн болохын сацуу түүний байгуулалцсан ялалтын жимээр 09 дүгээр сарын 03-ны өдөр ОХУ-ын Хабаровск хотноо болох Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцож байна.
 
Тэрээр Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн засварын салааны захирагчаар алба хаадаг, Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээн уралдааны шилдгүүдийн нэг болж чадсан залуу ажээ. Жүдо бөх, гардан тулаан, туухай өргөлтөөр хичээллэдэг, жүдо бөхийн нэгдүгээр зэрэгтэй, Зэвсэгт хүчний “Марш-тусгай бэлтгэл” цогцолбор тэмцээний алт, мөнгөн медальтай офицер байна. Герман, Хятад, Солонгос хэлтэй. 
 
Түүнээс сэтгэгдлийг нь хуваалцахад “Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд нөхдийнхөө хамт шалгаран оролцож байгаадаа баяртай байна. Бид “Сэлэнгэ-2025” хээрийн сургуульд тус тусынхаа үүргийг гүйцэтгэхийн сацуу цэргийн ёслолын жагсаалдаа өдөр бүр бэлтгэсэн. Миний хувьд түүхт ялалтын ойн цэргийн ёслолын жагсаалд оролцож буйгаа их хувь заяа гэж хэлнэ. Ялангуяа эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан хайртай өвөөгийнхөө байгуулалцсан ялалтын мөрөөр алхаж яваа минь амьдралын минь хамгийн сайхан дурсамжийн нэг болж байна. Өвөө минь намайг хүүхэд байхад хатуу ширүүн дайны талаар, мөр зэрэгцэн тулалдаж явсан нөхдийнхөө талаар байнга хуучилдаг байсан.
 
1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайны хүнд өдрүүдэд манай идэр насны залуучууд цэрэгт дайчлагдан эрэлхгээр тулалдаж, үйлдвэр, хөдөө аж ахуйн ажилчид, малчид ялалтын төлөө амсхийлгүй ажиллаж байсан гээд Монголын ард түмэн нийтээрээ тусгаар тогтнолынхоо төлөө, дайны ялалтын төлөө тэмцсэн талаарх өвөөгийн минь дурсамж яриа замналыг нь буухиалж цэргийн хүн болох хүсэл мөрөөдлийг надад өгсөн. Тэнгэрт дэвшсэн хайртай өвөөгийнхөө байгуулалцсан түүхт ялалтын ойн цэргийн ёслолын жагсаалд оролцож буйдаа үнэхээр талархаж байна. 
 
Энэ завшаанд түүхт ойн өдрийг тохиолдуулан өвөөтэй минь хамт өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орныхоо газар шороо, тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн баатарлаг ахмад үеийнхэндээ гүн хүндэтгэл илэрхийлэхийн хамт тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд баярын мэнд дэвшүүлье” гэсэн юм.
Эх сурвалж | Хуурай замын цэрэг
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06