Фитч Рейтингс (Fitch Ratings) агентлагаас 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+, тогтвортой” түвшинд хэвээр хадгалах шийдвэр гаргаснаа зарлалаа.
Зээлжих зэрэглэлийг ийнхүү хэвээр хадгалсан нь Монгол Улс гадаад орчны нөлөөлөлд эмзэг байгаа нь гол эрсдэл хэвээр байгаа ч тогтвортой эдийн засгийн өсөлтийн төлөв, Засгийн газрын өр тогтвортойгоор буурч байгаа нь голлох нөлөөг үзүүлсэн талаар тайландаа дурдсан байна.
Фитч агентлагийн тайланд:
1. Тогтвортой эдийн засгийн өсөлт:
- 2025 онд ДНБ-ий өсөлт 5.7%, 2026–2027 онд 5.3% байна гэж Фитч агентлаг төсөөлсөн байна.
- Энэ онд хөдөө аж ахуйн салбар эргэн сэргэж, нүүрсний үнийн бууралтыг зэсийн экспорт тодорхой хэмжээгээр нөхөж байна. Мөн уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт тогтвортой түвшинд хадгалагдаж, уул уурхайн бус салбарын үйл ажиллагаа тогтвортой байгаа нь дунд хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжиж байна.
2. Уул уурхай, дэд бүтцийн төслүүдийн нөлөө:
- Оюу Толгойн гүний уурхайн олборлолт тогтвортой нэмэгдэж байна.
- Монгол, БНХАУ-ын хилийг холбох шинэ төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт 2027 онд дууссанаар төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадал жилд 30 сая тонноор өсөх боломжтой байгаа нь мөн дунд хугацааны эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна.
3. Төсвийн бодлого, өрийн тогтвортой байдал:
- Сүүлийн жилүүдэд Засгийн газар төсвийн сахилга батыг бэхжүүлж, алдагдлыг боломжит хэмжээнд хадгалж байна.
- Засгийн газрын өр дунд хугацаанд ДНБ-ий 40 хувиас доош буурах төлөвтэй байна гэж Фитч агентлаг төсөөлжээ.
- Засгийн газрын гадаад өрийн оновчтой удирдлагын хүрээнд Засгийн газраас ирэх онуудад эргэн төлөгдөх хугацаа нь тулсан гадаад бондын тодорхой хэмжээг дахин санхүүжүүлсэн нь 2026–2027 онд эргэн төлөгдөх өрийн дарамтыг бууруулсан.
4. Инфляци ба гадаад эмзэг байдал:
- Дотоодын эрэлт, зээлийн өсөлт, хэрэглээний үнийн тариф нэмэгдсэнээс шалтгаалан инфляци 2025–2026 онд дунджаар 8.5 хувьтай байна.
- Гадаад валютын албан нөөц тогтвортой түвшинд хэвээр хадгалагдаж байгаа ч, Монгол Улсын түүхий эдийн экспортод өндөр хамааралтай байдал, гадаад санхүүжилтийн хэмжээ өндөр байгаа нь гадаад орчны эрсдэлийг хэвээр хадгалж байна.
Монгол Улс 2024 онд зээлжих зэрэглэлээ 10 жилийн дараа ахиулж “B+/Тогтвортой” түвшинд хүргэсэн.
Энэ онд нүүрсний экспорт буурсан ч зэсийн экспорт нэмэгдэж, Засгийн газрын гадаад өрийн оновчтой удирдлага, уул уурхай болон дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж байгаа зэрэг нь дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахад чухал хүчин зүйл болж байна.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил болон банк, санхүүгийн байгууллагуудын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын өртгийг бууруулахад шууд нөлөөтэй, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чухал үзүүлэлт юм.
Эх сурвалж
| fitchratings.com
|