Байгаль, орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Байгаль орчны яамтай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод агаарын чанарыг хянах иж бүрэн автомат станцыг суурилуулж, нээлтийн ажиллагааг зохион байгууллаа.
Тус станцыг Бүгд Найрамдах Солонгос Улсын 100 хувийн буцалтгүй хөрөнгө оруулалтаар, нийт 8.9 сая ам.долларын үнэлгээтэйгээр суурилуулсан бөгөөд уг ажлыг БНСУ-ын холбогдох байгууллагын төлөөлөгчид болон УЦУОШТөвийн инженер, техникийн ажилтнууд хамтран гүйцэтгэсэн юм.
Өмнө нь УЦУОШТөв нь өдөрт гурван удаа (08:00, 14:00, 20:00 цагуудад) 20 минутын турш хүхэрлэг хий, азотын давхар ислийн агууламжийг хэмжиж байсан бол шинэ автомат станцыг ашиглалтад оруулснаар хүхэрлэг хий, азотын давхар ислийн зэрэгцээ PM2.5 тоосонцрын агууламжийг 24 цагийн турш тасралтгүй хэмжих боломж бүрдлээ.
Ингэснээр агаарын чанарын үнэн зөв, бодит мэдээллийг цаг алдалгүй бүртгэх, судалгаа шинжилгээ болон бодлого төлөвлөлтөд ашиглах, мөн иргэдэд шуурхай хүргэх шинэ боломж бүрдэж байна.
