Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж өвчтөн аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Аймгийн онцгой комисс, Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газар зэрэг мэргэжлийн байгууллагууд холбогдох хариу арга хэмжээг зохион байгуулж нөхцөл байдлыг хянан ажиллаж байна. Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тус аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хариу арга хэмжээний нөхцөл байдалд мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.
Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад тэдний бүүргээр дамжин халдварладаг, тунгалгийн зангилаа, уушгийг зонхилон гэмтээдэг халууралт хордлогоор илэрдэг зоонозын цочмог халдварт өвчин юм.
Тарваган тахлын эмнэлзүйн шинж тэмдэг:
- Халдвар авснаас хойш 1-6 хоног, дунджаар 2-3 хоногийн дотор шинж тэмдэг илэрнэ.
- Халуурах
- Булчирхай томорч үрэвсэх
- Толгой өвдөх
- Чичрэх
- Ядарч сульдах
Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг онцгойлон анхааруулж байна. Үүнд:
- Тарваганы түүхий мах, эд эрхтэн хот суурин газарт оруулахгүй, эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх
- Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх
- Олноороо үхсэн мэрэгч амьтад олон тарвагатай таарвал гар хүрэхгүй байх
- Тарвага агнах, худалдан авах, худалдаалахгүй байхыг хуулиар хориглосон байдаг.