Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн. Тухайн иргэн нь Цагаан-Уул сумын Тагийн нуур хэмээх газраас халдвар авсан нь тогтоогдож аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Өнөө өглөө аймгаас гарах, орох хөдөлгөөнийг 10 хоног хааж, хөл хорио тогтоосон тухай мэдээллийг Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газраас өгч байсан бол аймгийн онцгой комиссын хуралдаанаар Мөрөн, Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоох шийдвэр гаргажээ. Сум хоорондын хөдөлгөөн болон Хөвсгөл аймаг руу орох, гарах хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Аймгийн онцгой комиссоос голомтын бүсэд хяналт, тандалт судалгааны ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.