Монгол Улсын уул уурхай, аж үйлдвэрийн салбарын голлох төлөөллүүдийг нэгтгэсэн “MiningWeek & MinePro 2025” үзэсгэлэн , чуулга уулзалт Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ удаагийн арга хэмжээ нь зөвхөн уул уурхайн шинэ дэвшил, техник технологи, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлуудаар хязгаарлагдалгүй, шинэ хоршоо хөдөлгөөний тэлэлт, малчдын оролцоо, орон нутгийн хөгжлийг дэмжих шинэ шийдлүүд зэрэг олон талт сэдвийг хамарч буйгаараа онцлогтой.
Арга хэмжээнд 18 аймгаас ирсэн 20 гаруй хоршооны төлөөлөгчид оролцож, өөрсдийн гарал үүсэл нь баталгаажсан брэнд бүтээгдэхүүн, нутгийн онцлог бүхий хүнсний бүтээгдэхүүн сүү цагаан идээ, даршилсан ногоо зэрэг орон нутгийн үйлдвэрлэлд суурилсан өргөн нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.
Энэхүү оролцоо нь уул уурхай, хөдөө аж ахуй, хоршооллын салбар хоорондын уялдаа холбоог гүнзгийрүүлэх, орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн загварыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.