Ангийн үндсэн үүрэг болон тайван цагт хүлээсэн үүрэг гүйцэтгэх чадавхыг бэхжүүлж, мал сүргийг өсгөн үржүүлж, чанаржуулан, үйлдвэрлэгч-бүтээгч байгууллага болох зорилготой Зэвсэгт хүчний 232-р ангийн үйл ажиллагаатай Батлан хамгаалахын сайд танилцлаа.
46 жилийн түүхт тус анги анх БНМАУ-ын тогтоолоор 1979 онд Монголын Ардын Армийн Ар талыг удирдах газрын харьяанд "МАЛЫН ОТРЫН ШТАБ" нэртэйгээр Хэнтий аймгийн Галшар сумын нутагт 65 малчин цэрэг, 14 суурь, 6,500 толгой малтайгаар анх байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй.
1990 онд бүтэц орон тоо өөрчлөгдөж "Цэргийн нэгдсэн аж ахуй", 2011 онд "МОРЬТ ТУСГАЙ ДИВИЗИОН" болон өргөтгөн зохион байгуулагдсан тус анги өдгөө цэргийн ёслолын жагсаалд морьт цэргийг бэлтгэн оролцуулж, морин пологийн спортыг хөгжүүлэхийн зэрэгцээ:
Мэргэшсэн чадварлаг бие бүрэлдэхүүнээр чанартай эрчимжсэн мал аж ахуйг бий болгох;
Зэвсэгт хүчний хүнсний халдашгүй нөөцийн махыг тогтоосон хэмжээнд бүрдүүлэх, амьдын жингээр хадгалах;
Төрийн торгон сүргийн хариулга, маллагааг хариуцах;
Зэвсэгт хүчний төвлөрсөн хангалтын хэрэгцээнд мах бэлтгэн нийлүүлэх;
Ангийн байлдааны бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүнийг энхийг дэмжих ажиллагаа, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах зэрэг үүргийг нэр төртэйгөөр биелүүлж буй хамт олон юм.
Тэд өдгөө мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эхлүүлэн арьс шир боловсруулах үйлдвэр, сүү цагаан идээ боловсруулах үйлдвэрлэлийг эрхэлж бүтэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.
Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх үндэс суурь тавигдсан тус анги нэгтгэлийг цаашид бүрэн автомат системд шилжүүлж,
Сүүг ариутган боловсруулж, савлах бүрэн автомат төхөөрөмж
Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тоног төхөөрөмж
Хадлан тэжээл бэлтгэх трактор тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж,
Шаардлагатай боловсон хүчнийг орон нутгаас бэлтгэхэд БХЯ дэмжлэг үзүүлэн ажиллахаар боллоо.
Уулзалтын төгсгөлд эрхэлсэн ажилдаа эзэн болж, хөдөлмөр зүтгэлээрээ манлайлсан алба хаагчдад “Цэргийн хүндэт медаль”, “Тэргүүний барилгачин”, “Хүндэт жуух тэмдэг”, одон медалийг гардуулан өглөө.
Өнөөдрийн зэвсэгт хүчний 232-р ангийн үйл ажиллагаатай танилцахад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба, Хэнтий аймгийн засаг дарга Д.Аюурбунь тэргүүтэй холбогдох албаны бүрэлдэхүүн ажиллав.