Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай “Дэлхийн хуримтлалын өдөр-2025” аяны талаар ярилцлаа.
“Дэлхийн хуримтлалын өдөр” аяныг Монгол Улс уламжлал болгон тэмдэглэдэг болсон байна. Юуны өмнө энэхүү аяны талаар товч танилцуулна уу.
Италийн профессор Филиппо Равизза “Олон улсын хуримтлалын өдөр”-ийг анх 1924 онд зарлан тунхагласнаас хойш дэлхийн олон улс оронд жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдрийг “Дэлхийн хуримтлалын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Монгол Улс 2017 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарыг дэлхийн хуримтлалын өдрийн аян хэлбэрээр өргөн тэмдэглэсээр байна. Тус аяныг хэрэгжүүлэхдээ банк, санхүүгийн болон зарим төрийн хувийн байгууллагуудтай хамтран иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчлан таниулахаас гадна хүүхэд багачуудад бага наснаас нь эхлэн хуримтлалын ач холбогдлыг ойлгуулах, хуримтлал үүсгэх дадлыг суулгахад чиглэсэн байдаг.
Жил бүр өөр уриа үгтэй зохион байгуулагдаж харагддаг харин энэ жил ямар онцлогтойгоор уг аяныг тэмдэглэн өнгөрүүлж байна вэ?
Монгол Улс “Дэлхийн хуримтлалын өдөр-2025” аяныг “Хуримтлалаар ирээдүйгээ бүтээе” уриатайгаар тэмдэглэж эхэлсэн ба улс орон даяар 10 дугаар сарын 10-нд нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ жилийн уриа үг нь хуримтлал гэдэг бол зөвхөн хадгаламжийн дансыг хэлж буй зүйл биш гэдгийг онцолж байгаа бөгөөд харин хуримтлалаар дамжуулж мөрөөдөлдөө хүрэх боломжтой гэх агуулгыг хүүхэд, багачуудад ойлгуулахад чиглэж байна. Иргэд, олон нийтийн дунд байдаг түгээмэл нэг буруу ойлголт нь хуримтлал гэхээр зөвхөн банкны хадгаламж гэж ойлгодог. Гэвч хуримтлал гэх үгний цаана олон талт агуулгууд багтаж байдаг. Жишээ нь, хөрөнгийн зах зээл, үл хөдлөх, хөдлөх хөрөнгө зэрэг тухайн хүний хөрөнгийн үнэ цэнийг өсгөх боломжтой бүх зүйлсийг “хуримтлал” гэх үгний доор багтаадаг. Иймд, энэ жилийн хувьд тус аянаар дамжуулан хүүхэд, багачуудад өргөн цар хүрээгээр хуримтлал болон санхүүгийн мэдлэгийн дээшлүүлэх мэдээ, мэдээллийг хүргэж ажиллаж байна.
Санхүүгийн боловсролтой гэж их ярьдаг. Тэгвэл энэ нь хувь хүний амьдралд болоод улс орны нийгэм, эдийн засагт яг ямар ач холбогдолтой байдаг вэ?
Санхүүгийн боловсрол гэдэг нийгмийн харилцаанд оролцож байгаа бүх хүнд хамаатай заавал эзэмших суурь мэдлэг юм. Өөрөөр хэлбэл, хүний амьдрах ухаантай шууд холбогддог. Хувийн санхүүгээ хэрхэн зөв удирдахаас эхлэн санхүүгийн сахилга бат, хариуцлагатай байдал, санхүүгийн зөв шийдвэр гаргалт, санхүүгийн залилан луйвраас хэрхэн сэргийлэх зэрэг олон чадварыг санхүүгийн боловсролоор л дамжуулж олгоно. Тухайлбал, хүүхэд, залуучуудад бэлэн мөнгөтэй харилцах соёл, хуримтлал болон хэрэглээний шийдвэр гаргалтад нь туслах мэдлэг мэдээллийг олгох нь хувь хүний хөгжил, төлөвшилд болоод ирээдүйд олж авах мэдлэг боловсролынх нь суурь нь болж өгдөг.
Санхүүгийн боловсролыг багаас олговол тухайн хүүхдийн ирээдүйн амьдралд маш том хөрөнгө оруулалт хийж байна гэж ойлгож болно. Мөнгөний үнэ цэнийг багаасаа ойлгосноор хүүхдүүд хүсэл, хэрэгцээгээ ялгаж сурах, ухаалаг шийдвэр гаргах чадвартай болдог. Энэ нь зөвхөн хувь хүний санхүүгийн сахилга бат, мэдлэг чадварт ч сайнаар нөлөөлөөд зогсохгүй гэр бүл, хамт олон, цаашлаад нийгэм, улс орны санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлдэг.
Өмнөх жилүүдийг анзаарахад олон байгууллага хамтарч зохион байгуулдаг харагдсан энэ жилийн хувьд бусад байгууллагуудын оролцоо хэр байна вэ?
Тийм ээ. Тус аяныг 2017 оноос хойш зохион байгуулж эхлэхдээ дан ганц санхүүгийн салбарын төлөөллүүд бус бусад салбаруудаас мөн адил нийгмийн хариуцлагын хүрээнд манай аянд нэгдэж хамтран зохион байгуулж ирсэн. “Хуримтлалаар ирээдүйгээ бүтээе" уриатайгаар тэмдэглэж буй энэ удаагийн аяныг Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпорац, Боловсролын ерөнхий газар, арилжааны банкнууд, болон бусад байгууллага өргөн хүрээнд хамтран ажиллаж байна. 2017 оноос эхлэлтэй гэхээр энэ жил бид 9 дахь жилдээ зохион байгуулж байна гэсэн үг. Энэ хугацаанд тус аяны цар хүрээг тэлэх, үр нөлөөг нэмэгдүүлэхэд эдгээр байгууллагуудын оролцоо маш их байсан.
Энэхүү аяныг 9 дахь жилдээ зохион байгуулж байна, үүнийг дагаад иргэдийн хадгаламж нэмэгдэх зүйл ажиглагддаг уу?
Мэдээж олон байгууллагууд хамтарч өргөн цар хүрээгээр энэхүү аяныг олон жил зохион байгуулж байгаа тул тодорхой хэмжээнд нөлөө үзүүлсэн гэж хардаг. Улсын хэмжээнд 2024 оны 8 дугаар сарын байдлаар нийт хадгаламжийн хэмжээ 24.7 их наяд төгрөг байсан бол 2025 оны 8 дугаар сарын байдлаар 28.2 их наяд төгрөг болж, 3.5 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэйгээр энэ жилийн аяныг эхлүүллээ.
Эцэст нь манай уншигчдад хандаж хуримтлал үүсгэхэд нь тус болох зөвлөгөөг өгнө үү?
Хуримтлал үүсгэхэд тодорхой зорилго болон төлөвлөгөө чухал. Мэдээж хуримтлалын гол зорилго нь мөнгөө өсгөх байдаг, гэсэн хэдий ч тухайн хөрөнгөө дараа нь юунд зарцуулахаа тодорхой болгоогүй байдал нь амжилттай хуримтлал үүсгэхэд саад болдог. Түүнчлэн, хуримтлалын гол зарчим нь багаар тогтмол хуримтлуулах гэдэг тул нэгэнт хуримтлуулахаар шийдсэн бол нэг удаад мөнгө хийгээд орхих бус цэвэр орлогынхоо 10-20 хувийг шууд хадгаламжийн данс руугаа тодорхой өдрүүдэд тогтмол дүнгээр мөнгөө автоматаар банкнаас татуулж байх нь зөв юм. Иймд, бага гэлтгүй тогтмол хуримтлуулах дадалд суралцах хэрэгтэй.
Ярилцсанд баярлалаа.
АДМИН







Нийгэм








