2025 оны аравдугаар сарын 24-ний өдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж, тэднийг 30 хоногийн хугацаатайгаар Цагдан хорих 461 дүгээр ангид хорих шийдвэр гаргасан байна.
Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн тав дахь өдөр буюу 2025 оны аравдугаар сарын 24-нд шүүсэн бөгөөд шүүхээс “амиа хорлох, гадны нөлөөнд өртөх магадлалтай” гэсэн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай гэж үзжээ.
Шүүхийн шийдвэрийн дугаар нь 2025/ЦХШЗ/3437, 3438 бөгөөд уг шийдвэр одоогоор хүчин төгөлдөр болоогүй байна.
Нийслэлийн прокурорын газраас:
-
Э.Ган-Эрдэнийг бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон,
-
Э.Номин-Эрдэнийг “эс үйлдэхүй”-гээр буюу гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татжээ.
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр тэднийг цагдан хорих санал гаргасан бөгөөд шүүх уг саналыг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэрт дурдсанаар, яллагдагч Э.Г, Э.Н нар нь хүнд ангиллын гэмт хэрэгт холбогдсон бөгөөд прокуророос танилцуулсан баримтуудаар тэднийг цагдан хорих үндэслэлтэй гэж үзсэн тул 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаагаар хорих шийдвэр гаргажээ.
Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тоймыг бэлтгэсэн:
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Сэржмядаг
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







