“Техникийн хог хаягдлын талаарх мэдлэг, хандлага, дадал” сэдэвт судалгааг Орчлон сургуулийн төгсөгч Н. Амадэй өөрийн санаачлагаар хэрэгжүүлсэн бөгөөд иргэдийн мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх, хаягдлын хор уршиг, дахин ашиглах боломж болон зөв устгах дадлын талаарх мэдээллийн хэрэгцээг тодорхойлох зорилготой байв.
Судалгааны хүрээ: Судалгаанд Монгол орны таван бүсийг төлөөлсөн 257 иргэн оролцож, онлайн асуумжийн аргаар гүйцэтгэсэн байна. Хот, хөдөөгийн оролцоо 46% болон 54% байв. Насны хувьд 18–25 болон 41–60 насныхан давамгайлж, боловсролын түвшинд бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэд нийт оролцогчдын 70%-ийг эзэлжээ. Мэдлэг дунд түвшинд байна: Судалгаагаар техникийн хог хаягдлын талаарх мэдлэгийн дундаж оноо 3.1 буюу “дунд” түвшинд гарчээ.
94.3% нь техникийн хог хаягдал байгаль, эрүүл мэндэд хор хөнөөлтэйг мэддэг.
68.6% нь дахин боловсруулах боломжтой гэж үздэг ч зөв устгах талаарх мэдлэг дунд түвшинд байгаа нь иргэдийн ерөнхий ойлголт сайн боловч бодит мэдлэг, дадлын түвшин хангалтгүй байгааг харуулж байна.
Хандлага эерэг боловч дадал сул байна: Иргэдийн хандлага нийтдээ эерэг гарсан байна.
96.7% нь “Техникийн хогийг зүй бусаар хаях нь байгаль орчинд сөргөөр нөлөөлнө” гэж үзсэн.
86.2% нь “Зөв зохистой хаях нь иргэний үүрэг” гэж хариулсан.
91.8% нь “Тусгай цэгт өгч дахин боловсруулах нь хамгийн зөв шийдэл” гэж үзжээ.
Гэвч бодит дадлын хувьд: 62.1% нь техникийн хогийг ахуйн хогтой хамт хаядаг.
15.2% нь гэрийн хаяандаа хадгалдаг гэж хариулсан байна. Энэ нь иргэдийн хандлага зөв чигтэй байгаа ч дадал төлөвшөөгүй, хүлээн авах дэд бүтэц дутмаг байгааг харуулж байна. Мэдээлэл, сургалтын хэрэгцээ өндөр байна:
Судалгаанд оролцогчдын 82.4% нь техникийн хогийн талаар сургалт, мэдээлэл шаардлагатай гэж үзсэн байна. Энэ нь иргэдийн боловсрол, мэдээлэл түгээх ажлын эрэлт өндөр байгааг илтгэжээ. Иргэд техникийн хог хаягдлын хор уршгийг ухамсарлаж, хандлага эерэг байгаа ч мэдлэг дунд түвшинд, дадал сул, мэдээлэл хомс байна.
Иймээс техникийн хог хаягдлыг зөв зохистой удирдах тогтолцоо, мэдээлэл түгээх системийг хөгжүүлэх шаардлагатай гэж судалгаанд дүгнэжээ. Зөвлөмж:
Техникийн хог хаягдлыг ангилан хүлээн авах тогтолцоог хөгжүүлэх. Дахин боловсруулах стандарт, зохицуулалтыг боловсронгуй болгох. Устгал, дахин боловсруулалтын талаарх сургалт, мэдээллийн хэрэглэгдэхүүн боловсруулах. Иргэдэд зориулсан мэдээлэл, сургалтын аян зохион байгуулах. Тусгай цэгт хаясан иргэдэд урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлэх. Хувийн хэвшлийн оролцоог дэмжсэн бодлого хэрэгжүүлэх. Энэхүү судалгааг дүгнэж харвал техникийн хог хаягдлын асуудал зөвхөн байгаль орчны асуудал бус, иргэн бүрийн мэдлэг, хандлага, дадлын асуудал болохыг онцолжээ. Иргэдийн оролцоог нэмэгдүүлж, мэдээлэлтэй, хариуцлагатай нийгмийг бий болгох нь гарц, шийдэл болохыг судалгаанд дурдсан байна.
Б.БИЛГҮҮН
АДМИН








Нийгэм








