Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар өнөөдөр (2025.10.27) ЗТЯ-ны харьяа байгууллагын дарга нар үүрэг даалгаврын биелэлт хэрэгжилт, үйл ажиллагаа хэрхэн явагдаж буй талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 2 сая тонн нүүрс тээвэрлэлээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр замын газрын дарга Б.Артур:
Төмөр замын газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Өмнөх сайдын шуурхайгаас шууд болон ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газар, “Улаанбаатар төмөр зам” ХНН-тай хамтран хийх 5 үүрэг даалгавар өгөгдсөн. Бүх ажлын гүйцэтгэлийг хийж, бэлтгэл бүрэн хангагдсан байна. Хүлээгдэж буй ажил нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн ажлыг санхүүжүүлэх Засгийн газрын тогтоол бүрэн албажиж ирээгүй байгаа учраас удирдамжаа авах ажил хүлээгдэж байна.
Нүүрс экспортын асуудлын хүрээнд БНХАУ-ын ЭСЯ, “Чайна Энержи” групп компанийн удирдлагууд, Цахим худалдааны компани зэрэг холбогдох газруудад албан бичгийг хүргэж ажилласан. Мөн энэ чиглэлээр Төмөр замын газар, “Эрдэнэс тавантолгой” ХК, -“Чайна Энержи” групп компанийн удирдлагуудаас бүрдсэн гурван талт уулзалтыг хийж, мэдээлэл солилцож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
Төмөр замын газарт Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүн хүлээлцэх журам сайдын тушаалаар батлагдсан. Төмөр замын газраас сайдын тушаалаар батлагдсан шинэ журмыг баримтлан ажиллаж байна. Уг тушаал батлагдсанаас хойш шинээр тавигдаж буй зохицуулалт нь өөрийн салбар замтай, тээвэрлэлтийн гэрээтэй, гадаад улсад үйлдвэрлэгдсэн вагон нь тухайн улсын тусгай зөвшөөрөлтэй байх зэрэг шаардлагуудыг тавьсан байна. Эдгээр шаардлагыг хангасан нөхцөлд хөдлөх бүрэлдэхүүний дугаар олгох үйлчилгээг хэрэгжүүлээд явж байна.
Нүүрс тээвэрлэлтийн хувьд, Монгол, Хятад хоёр улсын Засгийн газрын гэрээ хэлэлцээрийн хүрээнд нийт 247 сая тонн нүүрс тээвэрлэхээр тусгасан бөгөөд 2025-2027 онд жил бүр 5 сая тонн тээвэрлэхээр төлөвлөсөн. Одоогоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн мэдээлснээр 2 сая тонн нүүрс тээвэрлээд байна. Үлдсэн хугацаанд 2 сая тонн нүүрс тээвэрлэнэ. Экспортын тээвэрлэлтийн явц хэмжээ, боомтын нөхцөл байдал хэвийн байвал “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн зүгээс гэрээнд тусгасан биелэлтийг хангаж ажиллах болно гэдгээ албан бичгээр мэдэгдсэн. Боомт дээр үүсэж буй нөхцөл байдал буюу Гашуунсухайт талаасаа гаргалт оочиртой, хүлээлттэй байна. Ганцмод боомтоос татан авалтаа нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллана гэдгээ мэдээлсэн. Мөн “Чайна Энержи” групп компанийнхан энэ чиглэлд уулзалт төлөвлөж, саналаа хүргэж ажиллана гэдгээ хэлсэн.
БНХАУ-аас орж ирэх шатахуун орж ирэх тээврийн асуудлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН дээр зохицуулалт хийж, төлөвлөгөөнд тусгаж ажиллах тухай асуудлыг хэлэлцэж байна. Холбогдох байгууллагуудаас шаардлагатай мэдээ мэдээллийг нь солилцож, Ашигт малтмал, газрын тосны газарт албан бичгийг хүргүүлсэн байна.
ИНЕГ нийт 96 албан хаагчийн бүтэц,орон тоотой ажиллахаар төлөвлөж байна
Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр:
Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. ОХУ-ын Тээврийн дэд сайдтай уулзах товыг ирэх 11 сард зохион байгуулагдах ОХУ-ын “Тээврийн долоо хоног” Олон Улсын форумын үеэр төлөвлөсөн байна. Энэхүү уулзалтаар Москва-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгийг дахин сэргээж, ажил хэрэг болгох талаар хоёр талаас санал солилцож, тодорхой шийдвэрийг гаргана. Уг уулзалтад агаарын тээвэрлэгч компаниудын удирдлагуудаас бас оролцож, санал солилцоно.
Олон Улсын иргэний нисэхийн байгууллагын аудитын шалгалт 2026 оны дөрөвдүгээр сард Монгол Улсад ирэх гэж байгаатай холбогдуулан урьдчилсан аудит сарын өмнө хийгдэж, өнгөрсөн 7 хоногт тайлангаа ирүүлсэн байна. Тайлангийн дүгнэлтээр төлөвлөгөөт ажил графикийн дагуу явагдаж байна.
Бүтэц орон тоог шинэчлэн батлах ажлын хүрээнд ИНЕГ нийт 96 албан хаагчийн бүтэц, орон тоотой ажиллахаар төлөвлөгдсөн байна. Зарим ажлын чиглэлд нэмэлтээр гэрээт зөвлөх, гэрээт ажилчид авах хэрэгцээ шаардлага үүсэж байгаа. Энэ тухай албан бичгийг ЗТЯ руу хүргүүлсэн.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудал, УИХ-ын гишүүдэд танилцуулах мэдээлэл, бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна.
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийг шинэчилнэ
“ИНҮТ" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б. Отгонсүх:
ИНҮТ-ийн хуваарьт нислэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14,7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн 7 хоногт навигацийн тоног төхөөрөмж шинэчлэхтэй холбогдуулан Франц улсаас албаныхан ирж уулзалт хийсэн. Энэ чиглэлд ажлын хэсэг томилогдоод ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн жагсаалт энэ 7 хоногт бэлэн болно.
Бүсийн 2 дахь төв байгуулахтай холбоотой ТЗҮ-ыг зарласан байна. Ирэх хавар ажлыг нь эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бусад ажил хэвийн явагдаж байна.
Автозамын санд нийт 22,6 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын Захирал Д.Оюунболд:
ЗТХТ-ийн өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар тус төв барилга угсралтын нийт 23 төсөл дээр хяналт тавин ажиллаж байна. Энэ оны 11 сард багтаан 10 төслийг нь улсын байнгын ашиглалтад хүлээлгэж өгөхөөр бэлтгэл ажил хангагдаж байна.
Мөн олон улс, улсын чанартай автозамын засвар арчлалтын ажил дээр хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл график төлөвлөгөөний дагуу 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Ээлжит засварын 7 ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байна.
Өнгөрсөн сайдын шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын дагуу зүүн аймгуудаас өвс тээвэрлэж байгаа ачаа тээврийн машинуудыг саадгүй тээвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажилласан. Олонх нь даац хэтрүүлсэн байдалтай зорчиж байна.
ЗТХТ-өөс өнөөдрийн байдлаар автозамын санд нийт 22,6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж ажиллалаа, төлөвлөгөөт ажлынхаа 75 хувийг гүйцэтгээд байна.
Ачаа тээврийн үйл ажиллагаа гадны шалтгаантай гацах тохиолдол гарч байна
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун:
“Монголын Төмөр Зам” ТӨҮГ үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Өнөөдрийн байдлаар "Монголын төмөр зам" компани 5,4 сая тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөөнөөс 107 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн 2.24 мянган тонн ачаа тээвэрлэсэн байна. Монгол, Хятад хоёр улсын Засгийн газрын гэрээ хэлэлцээрийн хүрээнд төлөвлөгөөт тээвэрлэлтийг хийхэд БНХАУ-ын Хил гаалийн байгууллагын пүүний программ шинэчлэхтэй холбоотой мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанаас шалтгаалан ачаа тээвэр гацах үйл ажиллагаа байнга гарч байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд холбогдох байгууллагуудтай уулзалт хийж, шаардлагатай нэмэлт уулзалтуудыг хийж байна.