Dark Light
Нийгэм | 2025-10-28

ЭМГЭНЭЛ: СЭМЖИДИЙН БАТЖАРГАЛ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
СЭМЖИДИЙН БАТЖАРГАЛ
(1982-2025 он)
Увс аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Сэмжидийн Батжаргал нь 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зуурдаар таалал төгсөж, Увс нутгийн ард түмэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. 
Тэрээр 1982 онд Бөхмөрөн суманд Сэмжидийн том хүү болон мэндэлж, бага насаа Бөхмөрөн суманд өнгөрөөн, 1989-1998 онд Ерөнхий боловсролын сургуулийг дүүргэн, 1998-2002 онд Тэнгэр дээд сургуулийг Нягтлан бодогч мэргэжлээр, 2013 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Бизнесийн ухааны магистраар, 2015-2017 онд Удирдлагын академийг Төрийн захиргааны менежерээр, 2020 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн, Монгол Улсын Мэргэшсэн нягтлан бодогч байлаа.
С.Батжаргал нь 2002-2006 онд Увс аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, нягтлан бодогч, 2006-2007 онд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт ерөнхий нягтлан бодогч, 2007-2015 онд Увс аймгийн Төрийн аудитын газарт аудитор, ахлах аудитор, аудитын менежер, 2016-2020 онд Увс аймгийн ЗДТГ-ын дарга, 2020-2024 онд Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2022 оноос Увс аймгийн МАН-ын хорооны дарга, 2024 оноос Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргаар ажиллаж байлаа.
С.Батжаргал нь төрийн аудитын байгууллагад ажиллаж байх хугацаандаа хяналтын үйл ажиллагаанд төсвийн ил тод байдал, санхүүгийн сахилга батыг хангах, зөрчлийг таслан зогсоох, төрийн хөндлөнгийн хяналтын хараат бус байдлыг орон нутагт төлөвшүүлэн хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэхэд  үнэтэй хувь нэмрээ оруулан ажилласан юм.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, иргэн бүрийн сайн сайхан амьдралын төлөө үйлчлэх  мэргэшсэн төрийн захиргааны байгууллагыг бэхжүүлэн, төрийн үйлчилгээ, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэн ажилласан амжилтаараа   2019 онд  Монгол Улсын “Шилдэг аймаг”-аар  шалгаран шагнуулж байлаа.
Увс аймгийн Засаг даргаар томилогдон ажиллахдаа хүн төвтэй, хүний хөгжлийг дээдэлсэн  “Увсын хөгжил” үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан батлуулж, иргэдийнхээ  эрүүл мэнд, урт удаан наслах, чанартай боловсрол эзэмших, тэгш боломж,  амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, хөтөлбөр, төсөл арга хэмжээнүүдийг санаачлан хэрэгжүүлж,  удирдан зохион байгуулан ажиллаж байсан юм.
Хүн амынхаа дундаж наслалтыг нэмэгдүүлэн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх  бодлогын хүрээнд  “Хавдрын эсрэг” төсөл арга хэмжээг хэрэгжүүлж оношилгоо шинжилгээний тоног төхөөрөмжөөр  эрүүл мэндийн байгууллагуудыг хангаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулан бодитой үр дүнд хүрч ажилласан.
Увс аймгийн боловсролын чанарыг олон улсын түвшинд хүргэх ажлыг эхлүүлэн “Дэлхийн иргэн” төсөл арга хэмжээг хэрэгжүүлж багш сурагчдын амжилтыг бодитой үнэлж урамшуулах замаар сургалтын чанар, хүртээмжийг сайжруулж, сурч хөгжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэн, зөв Монгол иргэнийг төлөвшүүлэхэд онцгойлон анхааран ажилласан билээ. 
Бүсчилсэн хөгжлийг дэмжих, Эдийн засгийн  өсөлтийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлийг орон нутгийн онцлогтой уялдуулан хөгжүүлж, аймгийнхаа дотоодын хэрэгцээг хангахад чиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээг дэмжин дэд бүтэц, хот төлөвлөлт, хог хаягдлын менежментийг сайжруулж, иргэдийнхээ амьдралын чанарт өсөлт гаргах бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байсан юм.
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмыг соёл урлаг, аялал жуулчлал,  өв уламжлал, хамтын ажиллагааны цогц арга хэмжээ болгон зохион байгуулж, аймгийнхаа шинэ зууны хөгжлийн гарааг тодорхойлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын шинэ шийдлүүдийг хэрэгжүүлж, ард иргэдээ нэгэн зорилгод нэгтгэн, Монгол түмний бахархал омогшлыг бадраан зохион байгуулсан.   
Сэмжидийн Батжаргал нь алсын хараатай, хүнлэг энэрэнгүй,  шударга зарчимч,  шинийг санаачлагч, бүтээлч,  шилдэг удирдагч, төрийн эрхэм түшээ, төр, нийгмийн гарамгай  зүтгэлтэн байлаа. 
С.Батжаргал нь асралт сайн хүү, халамжит сайн хань, үр хүүхдүүдийнхээ ачлалт эцэг,  итгэлт сайн анд байлаа. 
Увс нутгийнхаа хөгжил, хүн ардынхаа сайн сайхны төлөө ухамсарт амьдралаа зориулан хоёргүй сэтгэлээр  зүтгэсэн эрхэм Таны хүнлэг энэрэнгүй, зарчимч хичээнгүй зан чанар бид бүхний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эх дэлхийнхээ алтан  хөрсөнд тайван нойрсоорой.
ЗУУН ЖИЛИЙН ОЙТОЙГОО 
ЗУУНД ДУУРСАГДАН ҮЛДЛЭЭ ТА МИНЬ 
Увс аймгийн Засаг даргын Тамгын газар 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30