Нэгдсэн Үндэстний Байгууллагын 80 жилийн ойд зориулсан “Загвар–НҮБ 2025” хуралдаан “Strengthening Commitments to Human Rights and Global Peace” буюу “Хүний эрх ба дэлхийн энх тайвны төлөөх амлалт, оролцоог бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд энэ сарын 25–26-ны өдрүүдэд болов.
Гадаад харилцааны яам, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газар, Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль хамтран зохион байгуулсан энэ удаагийн хуралдаанд 20 улсыг төлөөлсөн 100 гаруй оюутан залуус эрдэм мэдлэг, авхаалж самбаагаараа өрсөлдөв.
2005 оноос хойш 20 дахь удаагаа болж буй тус арга хэмжээний нээлтийн ёслолд Олон улсын харилцааны тэнхмийн эрхлэгч С.Оюунсүрэн, профессор Ж.Баттогтох нар оролцож, оюутан, сурагчдад урам зориг өгөв. Хаалтын ёслолд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал Б.Отгонбаатар, МУИС-ийн ахлах багш Д.Оюунсүрэн нар оролцож, оролцогчдод баяр хүргэн, НҮБ-ын суурь зарчим болон Монгол Улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэх ирээдүйн залуу дипломатчдыг бэлтгэхэд энэхүү хөтөлбөрийн оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглэв. Хуралдааны ерөнхий шүүгчээр МУИС-ийн ахлах багш Г.Баасанхүү ажиллаж, оролцогчдын илтгэл, мэтгэлцээн, бодлогын баримт бичгийн агуулгыг дэнслэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг нэрэмжит шагналын эздээр МУИС-ийн Олон улсын харилцааны хөтөлбөрийн оюутан П.Нинжин, Орхон Хасу сургуулийн сурагч Г.Ханмөрөн, МУИС-ийн Олон улсын харилцааны оюутан Х.Тэмүүлэн, МУИС-ийн Антропологийн хөтөлбөрийн оюутан Б.Тэмүүлэн нар тус тус шалгарлаа. Харин Ерөнхий Ассамблейн хуралдаанд Арабын Бүгд Найрамдах Египет Улсыг төлөөлөн оролцсон Э.Солонго, МУИС-ийн оюутан Б.Халиун, ISU их сургуулийн оюутан Э.Энхжин нар тэргүүн байр эзэлсэн юм.
Дэлхийн улс орнуудад түгээмэл зохион байгуулагддаг боловсролын хөтөлбөр болох “Загвар–НҮБ” нь оюутан, залуусын онолын мэдлэгийг практикт хэрэглэх, яриа хэлэлцээний ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэдэг бөгөөд энх тайван, хүний эрхийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, дипломат албаны залгамж халааг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулсаар иржээ.
АДМИН








Нийгэм








