Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 10 дугаар сарын 21-25-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Талархал: Баянгол дүүргийн иргэн Ундармаа: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын Ч:2 (Шархадны эцэс- 3,4-р хорооллын эцэс) чиглэлд явж байгаа 1-060 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Ганбаяр иргэдтэй зөв боловсон харилцаж, эгнээ байраа зөв эзэлж явдаг маш чадварлаг жолооч байна.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Ганчимэг: Ч:43 (Баянхошуу-Ард кино театр) чиглэлд явж байгаа 1-091, 1-051 гарааш дугаартай автобусны жолооч нар Баянхошууны эцсээс хүнээ аваагүй явсан.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-051 гарааш дугаартай автобусны жолоочид торгуулийн арга хэмжээ авсан.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн П.Оюун-Эрдэнэ: Х:10 (Хурган 6-р гудамж-5 шар) чиглэлийн 3-078 гарааш дугаартай автобусны жолооч Оргил худалдааны төв зогсоолоос хүнээ авахгүй хальт зогсоод явсан. Маш их гомдолтой байна. Арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг үзэхэд жолооч Оргил худалдааны төвийн хойд буудалд зогсоход хүн байгаагүй. Автобус хөдөлсний дараа араас нь цагаан малгайтай эмэгтэй хүн гүйж байсныг жолооч хараагүй болно.
Зорчиг нь нийтийн тээврийн хэрэгслийн хаалганаас зүүгдэх, хөдөлгөөн эхлэх дохио өгснөөс хойш суухийг хориглодог тул жолоочийн буруутай үйлдэл биш болно.
Иргэний гомдол: Ч:57 (Улаанчулуут-МУИС) чиглэлд явж байгаа 2-075 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Олон нийтийн дунд 10 жилийн сургуулийн хүүхдийг элдэв үгээр доромжилж буулгасан.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг үзэхэд дуу нь сонсогдохгүй байгаа тул нотлогдоогүй. Жолооч хүнтэй ярьсан байдал харагдаагүй.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Б.Бямбадорж: Х:7 (Туул тосгон шинэ эцэс-Хангарди цогцолбор) чиглэлд явж байгаа 15-074 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй явсан. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад Нисэхийн дэнж хойд автобусны буудал дээр шатахуунд дугаарласан автомашинууд хааж зогссон байсан буудал дээр хүн байгаагүй. Жолооч нь хүн байхгүй байсан тул хүнээ буулгаад явсан гэнэ.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Бас-Сувд: Ч:31 (Улиастайн шинэ эцэс-Дэнжийн 1000-ын 4-р зогсоол) чиглэлд явж байгаа 19-059 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Хүүхэд уйлсан чинь дуугүй болго гэж загнасан.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг үзэхэд аав, ээжтэйгээ хамт явж байсан бага насны хүүхэд чанга орилоод байхаар нь жолооч хүүхдээ дуугүй болго гэсэн шаардлага тавьсан. Гэтэл аав нь аутизмтай хүүхэд гэж жолоочтой маргалдаж, жолоочийг зүй бус үгээр харааж, кабиныг нүдэж зодох гэж дайрсан. Жолооч тухайн хүүхдийг ямар гэдгийг мэдээгүй тул эцэг, эхэд нь олон нийтийн газар чанга дуу чимээ гаргах ёсгүй тул хүүхдээ дуугүй болго гэсэн шаардлага тавьсан болно.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн С.Цэрэнсодном: Х:6 (Түргэний гол эцэс-Яармагийн 3-р буудал) чиглэлд явж байгаа 15-018 гарааш дугаартай автобусны жолооч Яармаг ШБ товчоо буудлаас хүнээ аваагүй явсан.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад Яармаг ШБ товчоо урд буудлаас суух хүн байгаагүй тул автобус шууд явсан. Буудал дээр нэг ачааны, суудлын автомашин байсан.
|
Эх сурвалж
| Нийтийн тээврийн бодлогын газар
|
АДМИН







Нийгэм









