Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний нэгдүгээр орлогч сайд П.Ю.Сорокинтой цахим уулзалт хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхий сайд М.В.Мишустинд хүсэлт тавьсны дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний нэгдүгээр орлогч сайд П.Ю.Сорокинтой цахим уулзалт хийлээ. Уулзалтад Монгол улсад шатахуун нийлүүлэлтэд оролцдог бүх компаниудын төлөөлөл болох ОХУ-ын НК Роснефть, Газпром Нефть, НефтьХимСервис, Фортел, Татнефть компани, Оросын төмөр зам компанийн төлөөлөгчид оролцов. Сайд Г.Дамдинням ОХУ-тай хийсэн шатахууны захиалга, өнөөдрийн байдлаар нийлүүлсэн тоо хэмжээ болон Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ ердийн үеэс улам бүр өсөн нэмэгдэж байгааг тэмдэглээд, нийлүүлэлтийг эрчимжүүлэх, ирэх сард шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, баруун бүсийн аймгуудад шатахуун импортлох арга хэмжээг шуурхайлан авч өгөхийг хүслээ. ОХУ-ын Эрчим хүчний нэгдүгээр орлогч сайд П.Ю.Сорокин ОХУ-ын Ерөнхий сайд М.В.Мишустинээс өгсөн үүргийн дагуу Монгол Улсад нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, тэргүүн ээлжид тээвэрлэхээр ажиллаж байгааг тэмдэглэв. Түүнчлэн хоёр улсын холбогдох яам, компаниудын хооронд тусгайлан Ажлын хэсэг байгуулж, тухай бүр шуурхайлан холбогдож ажиллахаар тогтов.
Нийгэм | 2025-10-29
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм








