Өмнийн говьд “Оюу Толгой” компанийн нээлттэй өдөрлөг боллоо. Энд хүмүүс зөвхөн уурхайн тухай биш уул уурхай орон нутгийн амьдралд яг юу өгдөг тухай өөрийн нүдээр харж, чихээр сонсож байлаа.
“Уул уурхай бол газар ухах, баялаг авахын нэр” гэж зарим нэг нь ойлгодог. Гэтэл энэ өдөрлөг тэр ойлголтыг эвдлээ. “Оюу Толгой” компанийн Говийн оюу хөгжлийг дэмжих сан 10 жилдээ хүрчээ.
Энэ хугацаанд 167 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, 550 гаруй төсөл хэрэгжсэн байна. Давхардсан тоогоор 800 мянга гаруй хүн үр шимийг нь хүртсэн. Нэг үгээр Монголын дөрвөн хүн тутмын нэгт үр шимээ өгчээ.
“Өгөхийн нэр” гэдэг нь ийм юм. Орон нутагт хоёр сургууль, зургаан цэцэрлэг, дөрвөн давхар музей, малын эрүүл мэндийн төв, хог хаягдлын байгууламж, шугам хоолойн ажил бүгдийг нь хийжээ. Гэхдээ энд барилга босгоод зогсоогүй. Багш нарыг сургаж, анги танхим тохижуулж, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлж, малчдын амьдралд хүрсэн 471 төсөл хэрэгжсэн байна.
Өмнөговийн засаг дарга Н.Энхбат нээлттэй өдөрлөгийг нээж үг хэллээ. Тэрээр:

Өнөөдөр “Оюу Толгой” компанийн нээлттэй өдөрлөгийг Өмнөговь аймгийнхаа төв Даланзадгад суманд зохион байгуулж байна. Ханбогд, Манлай, Баяновоо суманд болсон өдөрлөгийн үргэлжлэл юм.
Мөн энэ өдөр “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 10 жилийн ой давхцаж байна. 2015 онд байгуулагдсан энэ сангийн хүрээнд өнгөрсөн 10 жилд 8 салбарт нийт 523 төсөл, хөтөлбөрийг 142.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлжээ.
Тухайлбал:
- Байгаль орчинд – 1.6 тэрбум,
- Усны менежментэд – 3.5 тэрбум,
- Мал аж ахуй, бэлчээрийн менежментэд – 4.7 тэрбум,
- Орон нутгийн бизнесийг дэмжихэд – 4.4 тэрбум,
- Түүх, соёл, аялал жуулчлалд – 14 тэрбум,
- Эрүүл мэндийн салбарт – 20.3 тэрбум,
- “Ээлтэй хот” хөтөлбөрт – 34.7 тэрбум,
- Боловсролын салбарт хамгийн их буюу 59.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Оюу Толгойн болон гэрээлэгч компаниудын ажиллах хүчний 25 хувь буюу 5 мянга орчим нь Өмнөговьчууд. 2016–2024 онд 631 оюутан тэтгэлэг авч, 700 гаруй ажлын байр шинээр бий болжээ.
Цаашид бид 2028 он хүртэл хэрэгжүүлэх “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Оюу Толгой, Говийн Оюу сангийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Одоогоор 6.5 сая ам.долларын санхүүжилттэй байгаа сангаа 20 сая ам.долларт хүргэх зорилт тавьж байна.
Ингэснээр боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт шинэ “Өмнөговь боловсрол сан”, “Өмнөговь эрүүл мэндийн сан”-гуудыг байгуулж, хамтын хөгжлийг шинэ түвшинд гаргана.
Оюу Толгойн хамт олон, Говийн Оюу сангийн багтаа талархал илэрхийлж, 10 жилийн ойн баярын мэнд хүргэе гэсэн юм.
“Говийн Оюу” тэтгэлэгт хөтөлбөрөөр 763 оюутанд 2 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Тэдний 85 хувь нь сургуулиа төгсөөд нутагтаа ажиллаж байна. Технологийн дээд сургуулийн уул уурхайн инженерийн дөрөвдүгээр курсийн оюутан А.Бээжинхүүтэй хэсэг хором ярилцлаа. Тэрээр “Би энэ тэтгэлэгт хөтөлбөрийн талаар найзуудаасаа сонсоод, материалаа өгсөн. Тэнцсэн хариугаа сонсоод маш их баярласан. Би сургуулиа төгсөөд нутагтаа ажиллана” гэлээ.

Тус сургуулийн ШУТИС-ийн Технологийн дээд сургуулийн уул уурхайн ашиглалтын технологийн мэргэжлийн гуравдугаар курсын оюутан М.Алтан-Очир: Манай сургууль байгуулагдаад дөрөв дэх жилээ явж байгаа, би хоёр дахь элсэлтийнх нь оюутан юм.
“Говийн оюу” тэтгэлгийн талаар фэйсбүүк болон ангийнхаа хүүхдүүдээс мэдэж, материал бүрдүүлээд хамрагдсан. Энэ тэтгэлэг нь миний санхүүгийн дарамтыг багасгаж, хичээлдээ илүү төвлөрөх боломж олгосон. Төлбөрийг өмнө нь аав, ээж маань төлдөг байсан, одоо би хэрэглээний мөнгөө өөрөө ажил хийж олдог.
Ингэж аав, ээжийнхээ ачааг хөнгөлж чадсандаа баяртай байна. Цаашдаа мэргэжлээрээ ажиллаж, “Оюу Толгой” компанид орно гэж зорьж байгаа. Мөн найзтайгаа хамт “Фэмили Офт” нэртэй авто клуб байгуулсан, түүнийг ирээдүйд өргөжүүлэхийг хүсэж байна гэлээ.
Тус сургуулийн оюутан Ж.Энхсувд “Хэрвээ дараагийн улиралд 3.2-оос доош голчтой сурвал тэтгэлэг зогсоно. Тиймээс улам хичээх болно” гэж байна.
Өгөхийн нэр гэдэг нь ийм л зүйл хүнээс хариуцлага, хичээл зүтгэл шаардана.
Мөн Говийн оюу дэмжих сангаас зээл авч бизнесээ босгосон олон залуус Өмнөговьд бий. Тэдний нэг “Цог-Ялалт” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Цогбаяр анхны 25 сая төгрөгийн төслийн зээлээр “Говийн хийцтэй цай”-гаа эхлүүлжээ. Өнөөдөр тэр бүтээгдэхүүн Монголын 21 аймаг, Улаанбаатар, гадаадын зах зээлд ч гарчээ. Говьд эхэлсэн жижиг санаа Монголын брэнд болон өсөж байна.
“Юнисерюс” компанийн хүний нөөцийн мэргэжилтэн А.Уранбайгаль:
Манай “Юнисерюс” компани 20 жилийн түүхтэй, цэвэрлэгээ үйлчилгээ, кетеринг, угаалга, кемпийн үйлчилгээ эрхэлдэг байгууллага.
Бид “Оюу Толгой” төсөлтэй 2022 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд кемпийн цэвэрлэгээ, угаалга хариуцдаг. Одоогоор 400 гаруй орон нутгийн ажилчидтай ажиллаж байна.
Манай компани Улаанбаатар хотод төвтэй, мөн Цагаан хад, Хүрэн шанд зэрэг газарт төсөл хэрэгжүүлдэг. 2025 онд олон улсын ISO 14001 стандарт нэвтрүүлж, “Оюу Толгой” дээр олон улсын түвшний цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлж байна гэлээ.
Доржсүрэнгийн Олжмэдэх, “Оюу Толгой” компанийн Даланзадгад дахь төлөөлөгч:
Манай “Оюу Толгой” компани жил бүр түншлэгч дөрвөн сумандаа Ханбогд, Манлай, Баяновоо, Даланзадгад нээлттэй өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ өдөрлөгөөр иргэдэд ажлын байр, бизнесийн боломжийн талаар мэдээлэл өгч, компанийн хэлтэс нэгжүүд болон гэрээт компаниуд оролцдог.
Энэ жил “Говийн оюу сан”-гийн 10 жилийн ой тохиож байна. Сангийн тэтгэлэгт хөтөлбөрөөр 765 Өмнөговь аймгийн оюутан хамрагдаж, нийт 2 тэрбум төгрөгийн дэмжлэг авсан. Төгсөгчдийн 85% нь нутагтаа эргэн ирж ажиллаж байгаа нь бидний бахархал юм.
Мөн Говийн оюу хөгжлийн сангийн хөтөлбөрөөр 750 гаруй ажлын байр бий болж, орон нутгийн хөгжлийн нэг том түлхэц болсон. Аймгийн удирдлагууд сангийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж, хамт олныг шагнаж урамшуулсан гэв.
“Эрүүл Өмнөговь” хөтөлбөрөөр 9 мянга орчим хүн үзлэг шинжилгээнд хамрагдаж, 57 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлсэн. “Боловсрол Өмнөговь” хөтөлбөрөөр 23 мянга гаруй хүн сургалт, арга хэмжээнд хамрагдсан байна.
Түүх, соёлоо хадгалсан музейн барилга, соёлын хөтөлбөрүүд бүгд говийнхонд зориулагджээ.
Мягмарцоож, Бодлогын инновацын хүрээлэнгийн судлаач:
Өмнөговь аймаг улсын төсөвт их хэмжээний орлого төвлөрүүлдэг онцлогтой бүс нутаг. Иймээс аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлт нь улс орны хувьд чухал ач холбогдолтой. Манай “Бодлогын инновацын хүрээлэн” МУИС, МУБИС, ШУА-ийн судлаачдын хамтарсан багийн бүрэлдэхүүнтэйгээр 2018-2023 оны нийгэм, эдийн засгийн суурь судалгааг хийсэн.
Судалгаагаар хэд хэдэн эерэг өөрчлөлтүүд тодорсон.
- Хүн амын тоо өсөж,
- Эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч,
- Хөрөнгө оруулалт болон шинэ суурьшлын бүсүүд нэмэгдсэн байна.
Судалгаа нийт 10 гаруй салбарыг хамарсан бөгөөд эдийн засаг, нийгэм, боловсрол, гэмт хэрэг, аюулгүй байдал зэрэг үзүүлэлтүүдийг шинжилсэн.
Ажилгүйдлийн түвшин улсын дунджаас доогуур, эерэг үзүүлэлттэй гарсан. Энэ нь уул уурхайн салбарт ажиллах хүчний өсөлттэй холбоотой.
Боловсролын салбарын хувьд цэцэрлэгийн хамран сургалт сүүлийн таван жилд 10 пунктээр нэмэгдэж, улсын дунджаас давсан үзүүлэлттэй болсон. ЕБС-ийн хамран сургалт, боловсролын салбарын хөрөнгө оруулалт ч өссөн. Гэсэн хэдий ч Ханбогд, Цогтцэций, Даланзадгад зэрэг төвлөрөл ихтэй сумдад цэцэрлэг, сургуулийн ачаалал нэмэгдэж, нэг багшид ноогдох хүүхдийн тоо дунджаар 31.1 болж өссөн байна.
Харин цаашдын хөгжлийн чиглэлд уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг бодлогоор дэмжих шаардлагатай гэж үзэж байна. Мал сүргийн бүтэц, ноолуурын үйлдвэрлэл, газар тариалангийн боломж сайжирсан бөгөөд ноолуурын үйлдвэрлэл сүүлийн таван жилд 8.3%-иар өссөн нь нэгэн эерэг үзүүлэлт юм.
Нийтдээ 400-500 хуудас бүхий энэ судалгааны тайланд Өмнөговь аймгийн хөгжлийн бодлогод суурь болох олон чухал дүгнэлт багтсан байна.
Уул уурхайг буруутгах, эсвэл магтах амархан. Гэхдээ хамгийн чухал нь тэндээс юу авч байна вэ гэдэг биш, тэнд юу үлдээж байна вэ гэдэг юм байна. Өмнөговьд хийж байгаа бүтээн байгуулалт, оюутнуудад өгч байгаа тэтгэлэг, бизнесийн дэмжлэг энэ бүхнээр уул уурхай “авч” байгаа биш, “өгч” байгаа нь харагдаж байна.
 
						  						  						    Б.АМАРТҮВШИН
										Б.АМАРТҮВШИН 
					
			 
					
			 
					
			 
					 
						  
					
					 
							 
							 
							 
							 
							 
							







 Нийгэм
 
 Нийгэм
 
													
 
														






