Хуульч О.Батхүү Үл хөдлөх хөрөнгийн худалдан борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох санал асуулгад 100 мянган хүн санал өгсөн ч хууль нь батлагдахгүй байгаа талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Үл хөдлөх хөрөнгийн худалдан борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгоё гэж 100000 иргэн санал өгсөн. Есдүгээр сарын 15-нд чуулган нээгдэхэд УИХ-ын босго давсан боловч одоо хүртэл батлагдаагүй байна. АН, МАН, УИХ-д суудалтай бүх намууд сонгуульд орохдоо татвар бууруулна гэж амласан, гишүүд иргэдтэй уулзахдаа татварыг чинь бууруулна, та нарын төлөө ажиллана, зүтгэнэ гэсэн. Тэр нь хаана байна. МАН-ын жагсаалтын номер 1 Г.Лувсанжамц гишүүн хэвлэлд ярилцлага өгөхдөө татварын асуудлыг зөвхөн боловсрол мэдлэгтэй хүмүүс ярина гэж хэлсэн. Иргэдээ арай л дэндүү доромжилж, гутааж, дээрээс харж байгаа юм биш үү. Миний бодлоор татварыг татвар төлдөг бүх хүмүүс ярих ёстой. Татвар маш өндөр байна. Цалингаас 45 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг татвар хураамж хэлбэрээр өгч байна. Арай хийж зээл авч байртай болоод, өвчин зовлон тусаад, мөнгөний аргагүй хэрэгцээ гараад байраа заръя гэхээр төр дундаас нь 2 хувь татвар авч байна, үүнийг больё гэх агуулгаар өргөдөл гаргасан. Г.Лувсанжамц гишүүн иргэдийн саналаар сонгогдоогүй. МАН-ын жагсаалтад ороод лифтээр дарга болсон. Иргэд татвар төлөгчдийгөө доромжлоод, том том яриад, татвар бууруулна гэж хэн ч попорч чадна, шийдэл ярь гэх. Шийдэл тодорхой, татвараа бууруул, төрийн зардлаа багасга, гадаад томилолт, хэрэггүй олон төсөл хөтөлбөрөө боль, иргэдийн амьдрал хүнд байна. Татварыг боловсрол мэдлэгтэй хүмүүс ярьдаг гэх юм, бид боловсрол мэдлэггүй дээ яасан юм. Тэр ганцаараа Японд сургууль төгссөн юм уу? 100000 хүн дотор энэ Лука байтугай тэрнээс цааш хийсэн бүтээсэн юмтай, улсад төлсөн татвартай хүмүүс зөндөө байгаа. Яагаад намын татаасаар, даргын суганы үс царайлж гишүүн болчхоод хүмүүсийг доромжлоод байдаг юм" гэлээ.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм








