Dark Light
Нийгэм | 2025-11-18

ХӨДӨӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЖ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ТОГТООЛ БАТЛУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Гуравдугаар хорооны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай” тогтоол батлагдав. 
Дэлхийн хүн амын 43 хувь буюу 3.5 тэрбум хүн хөдөө, орон нутагт амьдарч байгаагийн тэн хагас буюу 1.7 тэрбум нь эмэгтэйчүүд, охид байгаа ч сүүлийн үеийн илтгэл, судалгаанд Тогтвортой хөгжлийн 5 дахь зорилго зэрэг жендерийн асуудлаарх бүх нийтийн зорилго, хөтөлбөрийн хэрэгжилт удаан, хангалтгүй байгааг мэдээлж байна.
Тухайлбал, Бээжингийн тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөрийн 30 жилийн ойн илтгэлд хөдөөгийн эмэгтэйчүүд нь ядууралд ихээр өртөх, тэдэнд нийгмийн хамгаалал болон төрийн үйлчилгээ, түүний дотор дэд бүтэц, боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж бага байх, ажил эрхлэх болон орлого олох боломж  хязгаарлагдмал төдийгүй үнэ хөлсгүй гэрийн болон асаргааны ажлыг их хэмжээгээр хийх, ахуй амьдрал нь байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудалд эмзэг, өртөмтгий байгааг цохон дурджээ.  
Иймд Монгол Улсын төлөөлөгчид шинэчилсэн тогтоолд эдийн засаг, санхүү, хүнс, тэжээлийн хямралтай тэмцэх, технологийн шилжилт хийх, улмаар уур амьсгалын өөрчлөлт зэрэг сорилттой тулгарч буй энэ үед хөдөө, алслагдмал нутаг, арлууд дээр амьдарч буй бүх эмэгтэйчүүд, охидын нийгмийн амьдралыг сайжруулах, шийдвэр гаргах түвшин дэх тэдний бүрэн дүүрэн, эрх тэгш, тодорхой хувь нэмэр бүхий оролцоог хангах бүх нөхцөлийг бүрдүүлэхийг төр болон төрийн бус байгууллага болон бүх талд уриалсан заалт, үг хэллэгийг тусгаж, батлуулав.   
Монгол Улсын санаачилсан “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай” тогтоол НҮБ-ын гишүүн улсуудын өргөн дэмжлэгийг хүлээсэн ба тогтоолд бүх бүс нутгийн төлөөлөл 98 орон хамтран зохиогчоор нэгдлээ.

Эх сурвалж | ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23