Олон улсын цахим төлбөр тооцооны системд өргөн ашиглагддаг “Google Pay” үйлчилгээ өнөөдрөөс Монголд албан ёсоор нэвтэрлээ. Одоогоос жил орчмын өмнө буюу 2024 оны 12 дугаар сард Голомт банк Худалдаа Хөгжлийн банкнууд Apple Pay үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж байсан бол өнөөдөр /2025.11.18/ ийнхүү Google Pay төлбөрийн системийг нэвтрүүлснээр Android болон Wear OS төхөөрөмж хэрэглэгчид төлбөр тооцоогоо хялбар, түргэн шуурхай гүйцэтгэх боломж бүрдэж байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Apple pay болон Google Pay нь олон улсын төлбөрийн чиг хандлагад чухал үүрэг гүйцэтгэж, хэрэглэгчдэд ухаалаг утсаараа хэдхэн товшилтоор төлбөрөө хялбар, түргэн шуурхай гүйцэтгэх боломжийг олгож байна. Нөгөө талаас төлбөр хүлээн авагч байгууллагуудын төлбөр тооцооны явцыг хурдасгаж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид эергээр нөлөөлнө” гэв.

Монгол Улсын хэмжээнд Google Pay нэвтэрснээр хэрэглэгчдийн хувьд үндэсний төлбөрийн “₮ карт”-ыг ашиглан олон улсад төлбөр тооцоогоо хийх боломж нэгээр нэмэгдэж байгаа бөгөөд Монгол Улсын төлбөр тооцооны хөгжил дэлхийн төлбөрийн системийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буйг илтгэсэн чухал алхам боллоо.

Google Pay нь төлбөрийн мэдээллийг шифрлэж, биометрийн (хурууны хээ, нүүрний танилт) баталгаажуулалтыг ашиглан хэрэглэгчийн мэдээллийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалдаг, дэлхийн 100 гаруй оронд идэвхтэй хэрэглэгддэг төлбөрийн шийдэл юм.

АДМИН







Нийгэм








