Венесуэль газрын тосны нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Гэвч хамгийн ядуу улс. Байгалийн баялгийн хараал гээч нь үү. Хариулт нь "үгүй". Харин популист удирдлага улс орныг хаашаа хүргэж болдгийн бодит жишээ.
Николас Мадуро бол зүгээр нэг дарангуйлагч биш. Тэр бол системийн үнэ цэнийг ойлгоогүй, бодлогоос илүү амлалтад итгэсэн удирдагч. Үр дүнд нь Венесуэль баялгаа хуримтлал болгох биш, тарааж ашиггүй үрсэн. Эцэстээ улс орон нь олон улсын тавцанд шахагдаж, гаднын нөлөөллийн бай болж дууссан.
Эндээс нэг л дүгнэлт гарна.
Улс орон ганц хүний гоё үг, ард түмэнд таалагдах амлалтаар биш, системээр явдаг.
Системгүй улс Мадуро шиг төгсөнө.
Монголд популизм сүүлийн 30 гаруй жилд гүн суусан.
“Баялгийг ард түмэнд тараана”,
“Хүн бүрд мөнгө өгнө”,
“Төр бүхнийг даана” гэх үгс сонсголонтой ч бодлогын хувьд хамгийн аюултай.
Байгалийн баялгийг хуримтлал биш, тараалт гэж ойлгуулсан тэр мөчөөс эхлээд Монголын институцичилсэн популизм эхэлсэн гэж үзэх хүмүүс бий. Үр дагавар нь өнөөдөр тод харагдаж байна. Баян байх нь гутамшиг, ядуу байх нь бахархал мэт ойлгогдож, ажил хийж орлого олдог хүн “луйварчин”, харин халамж хүлээдэг сэтгэлгээ хэвийн үзэгдэл болжээ.
Энэ бол “Монгол Мадуро”-г бий болгож буй хамгийн таатай хөрс.
Америкт ерөнхийлөгчийг нь муулж болно. Бодлогыг нь шүүмжилж болно.
Гэхдээ систем рүү нь дайрдаггүй.
Шүүх, тагнуул, прокурор, цагдаа бол төрийн тулгуур гэж үздэг. Тэднийг нийтээрээ гутаах, үгүйсгэх соёл тэнд байхгүй. Харин Монголд авлигатай тэмцэнэ гэсэн нэрийн дор системээ өөрсдөө сулруулж байна. Цагдаагаа нулимж, шүүгчээ доромжилж, прокурорыг дайсан мэт хардаг болсны цаана нэг л ялагч бий. Тэр нь популист улс төр.
Систем сулрах тусам амлалт хүчтэй болдог.
Бэлэн мөнгө тараах нь хөгжил биш.
Нэг сая төгрөг тараалаа гээд хэн ч баяжихгүй. Харин инфляци өснө, мөнгөний үнэ цэн унана.
Харин тэр мөнгийг боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, ажлын байранд оруулбал үрждэг. Зам, үйлдвэр, хуримтлал бий болдог. Гэтэл Монголд эсрэг чиглэл рүү явж байна.
Нэг улсаас 100 хувь хамааралтай бодлого бол бодлого биш, эрсдэл. Нөөцийн сав, эх үүсвэрийн олон талт байдал, сонголттой зах зээл хэрэгтэй. Гэтэл бодит ажил хийхийн оронд “ирээдүйн агуулах” ярьсаар шатахууны хомсдолтой золгож байна.
Энэ бол бодлогогүй популизмын үр дүн.
Популизм хэзээ хүчээ авдаг вэ?
Ажилгүйдэл ихсэх үед.
Ажилгүй хүн бодлого сонсохоос илүү амлалт сонсохыг хүсдэг. “Төр тэжээнэ”, “өр тэглэнэ”, “мөнгө өгнө” гэдэг үг ингэж хүчтэй болдог. Харин ажилтай, орлоготой, мэргэжилтэй хүн популизмд хууртдаггүй.
Тиймээс бодит хөгжлийн суурь бол ажлын байр.
Улс орныг гоё үгтэй, ууртай, дайрч давшилдаг хүн авч явдаггүй. Харин мэдлэгтэй, туршлагатай, системийг хүндэлдэг удирдагч л улсыг аварна.
Хувь хүн алдаа гаргаж болно. Харин систем үлдэх ёстой.
Систем нурвал улс нурна.
Монгол Улс Мадурогийн замаар явах уу, эсвэл бодлоготой, системтэй улс болох уу гэдэг нь нэг хүний биш, нийт иргэдийн сонголт.
Гоё үгнээс илүү бодлого нэхэх цаг аль хэдийн болсон.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм





