Dark Light
Нийгэм | 2026-01-07

“ЭЕРЭГ” ДҮНТЭЙ УТАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Улаанбаатар хотод хагас коксон түлшийг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн нэвтрүүлжээ. Нэг сар гаруйн хугацаанд иргэд энэхүү түлшийг хэрэглэсэн гэх албан тайлан бий. Үүнээс өмнө нийслэлчүүд уламжлалт шахмал түлшийг түлж байсан. Энэ жил “хуучин түлш + шинэ түлш” гэсэн шилжилтийн горим явсан гэж тайлбарлаж байна.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл V хуралдаанаа хийж, хагас коксон түлшний “үр дүн”-г хэлэлцжээ. Хэлэлцүүлгийн гол дүгнэлт нь товчхондоо утаа арилаагүй ч лабораторийн цаасан дээр арай гайгүй харагдсан гэсэн тайлбар байв.

Албаны мэдээллээр хагас коксон түлшний нөлөөг гурван итгэмжлэгдсэн лабораторид шалгахад:

  • Азотын исэл, хүхрийн ислүүд 2–3 дахин багассан

  • Агаарт байгаа тоосонцрын хэмжээ 1.6 дахин буурсан

гэсэн дүн гарчээ. Агаарын чанар “өндөр түвшинд хүрээгүй” ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тоон үзүүлэлт сайжирсан гэж тайлбарлав.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын утаа бодитой буураагүй. Гэсэн ч статистик дээр бага утаатай болжээ.

Хагас коксон түлшийг өмнө хэрэглэж байсан шахмал түлштэй ижил хэмжээтэй, гэхдээ бүрэн шаталттай гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Уугиж үлддэггүй, голдоо шаталгүй хоцордоггүй, 5500 ккал-аас дээш илчлэгтэй тул дулаан гаргалт өндөр, хорт хий бага ялгаруулдаг гэх.

Өөрөөр хэлбэл, түлш нь асуудалгүй. Харин түлж буй орчин, яндан, зуух, хэрэглээний соёл тусдаа асуудал.

Албан тайлбарын хамгийн тогтмол давтагддаг өгүүлбэр бол:

“Монголчууд угаасаа гал түлж ирсэн ард түмэн.”

Өөрөөр хэлбэл, утаа гараад байвал түлш биш, иргэд буруу түлж байна гэсэн санаа. Судлаачдын зүгээс “төрөөс бүхнийг хүлээхгүй, иргэд өөрсдөө зөв галлаж сурах ёстой” гэж онцолж байна.

Утаа бол системийн асуудал боловч хариуцлагын ихэнх ачаа яндангийн доорх айлд ногдсоор.

Албан ёсны төлөвлөгөөнд:

  • 2026–2027 оноос Багануурын уурхайг түшиглэсэн

  • 600 мянган тонн хүчин чадалтай хагас коксон түлшний үйлдвэр барина

  • Боломжтой бол 2026 оны сүүлчээр ашиглалтад оруулна

гэж тусгагджээ.

Гэхдээ нүүрсийг коксжуулах үйлдвэр нь “амархан ажил биш”, өндөр температур, их хэмжээний хөрөнгө, урт хугацаа шаарддаг гэдгийг давхар сануулсан. Өөрөөр хэлбэл, утааг өнөө маргаашдаа биш нэлээд хэдэн жилийн дараа шийднэ.

Судлаачдын дүгнэлтээр Улаанбаатарын агаарын бохирдол:

  • Цаг уурын нөхцөлөөс

  • Автомашинаас (20–30 хувь)

  • Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн дутагдлаас

  • Жижиг зуух, хуучин системүүдээс

шалтгаалж байна.

ТЭЦ-3 утаагаа бүрэн шүүж чаддаггүй, ТЭЦ-4 тодорхой хэмжээнд барьж байгаа ч стандарт хангахгүй, бусад жижиг эх үүсвэрүүдийг үе шаттай солих шаардлагатай гэж үзжээ.

Харин ганц хатуу байр суурь нь:

“Түүхий нүүрс түлж болохгүй.”

Хагас коксон түлшний тухайд лабораторийн дүгнэлт эерэг, албаны тайлбар өөдрөг, ирээдүйн төлөвлөгөө урт хугацааны. Харин бодитоор утаа арилаагүй л байна.

Улаанбаатарын утаа багассан эсэхийг шинжилгээний хуудас бус, харин өглөөний тэнгэр л эцэслэн нотлох биз.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07