Татвар хураагчид нь орлогоо, татвар төлөгчид нь зарлагаа нотлох амаргүй Монголын хэрэг явдал хил хязгаарыг даваад байна.
Нийслэл, 9 дүүргийн татварын дарга нар арвуулаа ажлаа таслаад, дулаан орныг зорьсон шувуун сүрэг болоод, Дубайн зүгт дутаан аялсныг Сангийн сайд Б.Жавхлан нотоллоо.
Ард нь хорин мянган татвар төлөгчийн төгрөгийн данс, орлогын хүүдий хаалттай, арван татвар хураагчийн бол долларын данс нээлттэй, зарлагын шуудай онгорхой, алтан дунд хөлбөрсөн Арабд очиж амарсан байна.
Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар ахлагчтай Арабд аялагсдын багийн онгоцны тийзийг энгийн ангиллаар бодоход 50 сая төгрөг. Мянга нэгэн шөнийн үлгэрийн орны үнэтэй буудал, үзмэр зоогийг оруулбал арван дарга Арабд нэг удаа амарсан шиг амарч, зугаалсан шиг зугаалсан байна.
Яг одоогоор явсан хүн бол арваараа олдсон, явуулсан дарга нэг ч олдоогүй байна. Сангийн сайд бол мэдээгүй гэлээ. Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран битгий яв гэж хэлсээр байтал, ажлаа таслаад арвуулаа алга болсон гэж хэллээ. Татварын арван дарга аяллаасаа ирээгүй байхдаа ажлаасаа халагдлаа.
Дубайдах гэдэг монгол үгтэй болсныг дубайчууд өөрсдөө ч мэдэхгүй. Оюутолгойн далд уурхайн Дубайн төлөвлөгөө дээр Дубайн далд аялал ийнхүү нэмэгдлээ. Дубайд болсон явдал дуусдаггүй гэдэг үгтэй юм.
Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хот, дүүргийн татварын газраас данс яаж хаах тухай 23 кг туршлага судлаад ирэв үү? Өмнөх Засгийн Засгийн газрын үед Хяналт хэрэгжүүлэх газрынхан аялал зугаалгын арал Фүкүокод ажлын туршлага судалсан удаатай юм.
Зөвшөөрөл олгодог хурган түшмэд сүлжээ дэлгүүрийн зардлаар 23 кг дээр нэмэх нь 23 кг, тус бүр 46 кг туршлага Солонгосоос олж ирсэн түүхтэй юм. Тэгж яривал татварын төлөвлөгөө давуулан биелүүллээ гэж хурдан морь, хуучны хөөргөөр биесээ шагнасан бэлэн кейстэй ч юм.
АДМИН







Нийгэм



