Улсын наадмын тавын даваанд хоорондоо барилдсан хоёр бөх уран мэх, бяр чадал гэхээсээ сэргээшний шид, допингийн хүч уралдуулсан байж болзошгүй байна. Допингтой гэх Н.Өсөхбаярт унасан допингтой Ц.Гончигдамба зодог тайлчихсан тул тайлсан зодгийг нь хүчээр ахиж өмсүүлээд ахин шувтлан аваад, барилдах эрхийг нь хасах боломжгүй болж, 500 мянгаар торгохоор болжээ. Ц.Гончигдамба гарди А.Сүхбат аварга шиг тайлсан зодгоо ахиж аваад өмсөх боломжгүй болсон нь бол үнэн байна.
Баяр наадмын комисс үзүүр бөх Н.Өсөхбаярын улсын гарди цолыг хурааж, барилдах эрхийг нь 4 жилээр хасах санал гаргасан байна. Н.Өсөхбаярт зургаагийн даваанд ойчсон М.Лхагвагэрэлд “Үнэн зоригт”, долоод унасан Б.Пүрэвсайханд “Хуурнин шуугигч”, наймд тахим буулгасан Н.Батсуурьт “Тод сонин” хэмээх чимэг олгохоор шийдвэрлэжээ.
Чимэг хэдий сайхан боловч цол биш. Энгэр, малгай дээр нь цол нь байдаг болохоос бус Английн Фүллхэм багийн бэлтгэлийн подволк дээр Гөү Монголиа гэж бичиг наалгасан шиг “Тод сонин” “Хуурнин шуугигч” гэх мэт үг нуруу цээжин дээрээ эрийтэл нь наалгаад явахгүй тул хохироод үлдэж байна.
Н.Өсөхбаяр хүчний дасгалжуулагч өөрт нь мэдэгдэхгүйгээр хоол унданд нь допинг сэм хийсэн гэх гомдол гаргаж, цагдаа шалгаж байгаа тул цол хураах эсэх асуудал эцэслэгдээгүй байна. Нэг талаас сэргээш допинг үнэн хүчийг үзэх боломжгүй болгодог, шударгаар үзээд унасан нь хохирдог, бөхийн үр удам, эрүүл мэндэд нь халтай, уран мэхээр бус хорон бодисоор өрсөлдөх явдал тасрахгүй байна. Лабораторийн шинжилгээний дүн ирэхээс өмнө цол зэрэг, машин тэрэг, байр сууц, мөнгө төгрөг, бэлэг сэлтээ авчихдаг.
Нөгөө талаас үндэсний спортод олимпын шаардлага тавьж, допинг шинжлэхээр итгэмжлэгдсэн гадаадын лабораториудад явуулж, монгол төрийн наадмын цол, монгол төрийн тэргүүний зарлигаа цуцалдаг нь хэр зохистой вэ гэдэг маргаан мэтгэлцээн жил тасрахгүй өрнөж байна.
АДМИН







Нийгэм



