Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутаг Хатгал тосгон “Тойлогтын үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 145 км-т, Хатгал тосгоноос хойд зүгт 45 км/-т Хатгал тосгоноос Тойлогтын амралт чиглэлд мөсөн дээгүүр зорчиж явсан Зил 131 автомашин /түлээ ачсан, дотроо 3 хүнтэй/ мөсөнд цөмөрч 1 хүн нь эсэн мэнд гарч, 2 нь живсэн тухай дуудлагыг 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус дуудлагаар Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж буцалтгүй хоёр нэрвэгдэгчийг уснаас гарган холбогдох байгууллагад шилжүүллээ.
Автомашин осолдсон хэсгээр хар, цагаан хилтэй, нуурын мөс хэсэг хэсгээр бутарсан, орзон ихтэй, мөс 1м-1.5м өндөртэй овойж хөлдсөн, мөсний зузаан 30-40 см байгаа тул осолдсон автомашиныг татан гаргах боломжгүй байгааг алба хаагчид мэдэгдлээ.
Иргэд, олон нийтэд анхааруулга, сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэсэн хэдий ч санамсар болгоомжгүй үйлдэл гаргаж, амь насаа алдах, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол нэмэгдэж байна.
Иймд ард иргэд, малчид, тээвэрчид, аялагч амрагчид та бүхэн зам товчлох, хугацаа хожих нэрийдлээр гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг Хөвсгөл аймгийн онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

|
Эх сурвалж
| Хөвсгөл Онцгой байдлын газар
|
АДМИН








Нийгэм







