Прокурорын байгууллага 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 46,017 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1435 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 821 хэрэг шинээр нээж, 88 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 33, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 30, Өмчлөх эрхийн эсрэг 13, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 4, Хүний амьд явах эрхийн эсрэг, Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг тус бүр 2, Эдийн засгийн гэмт хэрэг, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 1 байна.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Д.Д нь эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа шинжээчийн дүгнэлтгүйгээр байршлаа өөрчлөн шилжүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад бэлэн мөнгөөр хахууль өгөхийг санал болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Г.Э, Г.А нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа нэр бүхий компанийн нэр дээр нэр бүхий иргэний нийгмийн даатгалын “дутуу тооцсон шимтгэлийг нөхөн төлүүлж алданги тооцох тухай" хууль бус, хуурамч акт гарган, дэмжлэг үзүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авсан/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- О.Э, Б.Б нар нь замын бетон тоосго үйлдвэрлэх үйлдвэрт буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/122 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтад багтсан ажилд 18 насанд хүрээгүй хүн ажиллуулсан, хүүхдийн эрүүл мэнд, бие бялдарт хохирол учруулахуйц аюултай хориглосон ажил зориуд эрхлүүлсний улмаас 15 настай хүүхэд хүнд гэмтсэний улмаас амиа алдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/, Эрүүгийн хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 /Хүүхдээ тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд,
- Н.Б нь нар нь караоке ажиллуулж, насанд хүрээгүй иргэнийг бусдад биеийг нь үнэлэхийг зуучилж, биеэ үнэлэхийг зохион байгуулж, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангаж хүн худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/, Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1, 2.1 /Хүн худалдаалах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Б.Н нь үргэлжилсэн үйлдлээр саун, массажны үйлчилгээ үзүүлнэ гэсэн нэрийн дор охид, эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг ашиглан бусдад биеэ үнэлэхийг санал болгон, биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар хангасан, насанд хүрээгүй охидыг хуурч мэхлэн бусдад зуучлан биеийг нь үнэлүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/, Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Хүн худалдаалах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Б.П нь бусадтай бүлэглэн насанд хүрээгүй охидын эмзэг байдлыг нь далимдуулан эрхшээлдээ оруулан заналхийлж, тээврийн хэрэгсэлд суулган авч явсан, цахим орчинд “санхүү авна” гэсэн зар байршуулж, хүн худалдаалахыг завдсан, хууль бусаар хорьсон хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 12.1 дүгээр зүйлийн 2.1 /Хүчиндэх/, 13.1 дүгээр зүйлийн 1 /Хүн худалдаалах/, Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 /Заналхийлэх/, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 /Хулгайлах/, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 /Дээрэмдэх/, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 /Залилах/, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, Эрүүгийн хуулийн 26.1 дугаар зүйлийн 1 /Кибер орчинд хууль бусаар халдах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- П.Б нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан каннабис гэх нэршилтэй бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, Л.Т нь мансууруулах бодис, булчин суллах үйлчилгээтэй эмийг хууль бусаар хадгалсан, Э.Б нь цахимаар бусадтай харилцан 44 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэргүүдэд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
АДМИН







Нийгэм







