Айлчлан ирж буй гал морин жилийн талаар Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Ч.Очирбаттай ярилцлаа.
-Могой жил улирч, морь жил айлчилж байна. Ирэх гал морь жилийн өнгө ямар байгаа вэ?
-Өнгөрөгч могой жил хоёр хар мэнгэтэй. Нийгэм, улс төр, ард иргэдийн хувьд эдийн засаг талдаа жаахан хомс жил болсон гэж дүгнэж байгаа. Зурхай талаасаа хоёр хар мэнгэтэй жил тиймэрхүү хураагдмал байдаг.
Энэ гал морь жил маш сайхан жил гарч байгаа. Бүх юм дэлгэрсэн. Жилийн өнгийг олон талаас нь, олон янзаар шинжиж гаргадаг. Өөрийн жил нь Сүрээр дарагч гэх ёгт нэртэй. Далд утга нь өвчин зовлонгүй, амгалан жаргалан сайхан дэлгэрсэн сайхан өнгөтэй жил байна. Шороон үхрийн шинжээр болбол их буянтай жил. Толгой нь улаан байгаа.
-Залууст амар амгалан сайхан жил гэж сонссон юм байна...
-Шороон үхрийн шинжээр болбол залууст амгалан, нялхаст дунд зэрэг, хөгшдөд биеэ энхрийлүүштэй гэсэн тийм шинж гарч байгаа. Цаад утга нь төрийн дунд албан тушаалын улсуудад нэлээн гайгүй сайхан жил. Эгэл ардад дунд зэрэг, улс төрчдөд жаахан тааруудуу жил гарч байгаа юм.
-Гал морин жил ямар жилтнүүдэд ивээлээ хайрлах бол?
-Энэ жилийн хувьд 12 сарын 22-ноос шинийн 15-ны хооронд засал номоо хийлгэвэл зүгээр. Жилийн дундуур болон сүүлээр засал ном хийлгээд явах нь зүйтэй. Ивээл жил гарч байна уу, харш жил гарч байна уу, бага харш гарч байна уу, нашидүрсүмтэй байна уу, гүймигтэй байна уу эдгээр заслуудаа жилийн турш хийлгэх ёстой. Номд ч тэгж байдаг. Энэ жил хулгана жилтэй хүн их харшийн засалтай. Тахиа, туулай жилтэй хүн бага харшийн засалтай. Цаашаа нарийвчлаад харах юм болбол нашидүрсүмийн засал, гүймигийн заслууд хийлгэх байгаа.
-Засал, номоо хэдийгээр хийлгэвэл зүгээр вэ?
-Цагаан сараас өмнө, цагаан сарын үеэр, жилийн дундуур, жилийн сүүлээр хийлгэвэл өөрт хүрэх нь хамаагүй илүү.
-Онцгой засалтай ямар жилүүд байна вэ?
-Хулгана их харшийн засал, тахиа, туулай бага харшийн засал бий. Жил нь орж буй хүмүүс жилийнхээ засал хийлгэ. 37, 97 хүрч байгаа хүмүүс мэнгэ голлож байгаа учраас мэнгэний засал хийлгэнэ. Энэ жил нэг цагаан мэнгэ гарч буй. Жилийн өнгө дээр жаахан халууны өвчин дэлгэрэх маягтай байгаа. Жил орж байгаа хүмүүс анхаарах хэрэгтэй. Ялангуяа 37-ны жил өөрийн дайсан жил гэж ярьдаг. 37-ны жил орж байгаа хүн эрэгтэй нь усан дээр, эмэгтэй нь гал дээр суудаг. Мэнгэ нь голлодог.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм






