Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөц, хангамжийг нэмэгдүүлэх, тээвэр, логистикийн үйлчилгээг сайжруулах, үнийн өөрчлөлтийг хянах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, удирдлагаар хангах шуурхай штаб өчигдөр /2026.01.12/ хуралдлаа.
Хуралдаанаар холбогдох яам, агентлагийн удирдлагууд мэдээлэл хийж танилцуулав. Танилцуулгад хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт нь 2025 оны жилийн эцсийн инфляцын 40 орчим хувийг бүрдүүлж байгаа ба үүний дотор мах, гурил, төмс, хүнсний ногооны нийлүүлэлтээс шалтгаалсан өсөлт ажиглагдаж байгааг дурдав. Үүнтэй холбогдуулан нийлүүлэлтийн гаралтай инфляцыг бууруулах, үнийн тогтвортой байдлыг хангах, хяналт тавих чиглэлээр Шадар сайд Т.Доржханд ажлын хэсгийн гишүүдэд үүрэг, даалгавар өгөв.
Үүнд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ сарын 20-ны өдрөөс худалдаалах нөөцийн махны жижиглэн худалдааны борлуулалт, түгээлтийн мэдээллийг түгээх, сар шинийн баярыг угтсан өргөтгөсөн худалдааг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулахыг Нийслэлийн Захирагчийн ажлын албанд, зах, худалдааны төвд борлуулагдаж буй махны үнийн өсөлтөд хяналт тавьж, зөрчил дутагдал илэрсэн тохиолдолд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монополын эсрэг газарт, мөн орон нутгаас тээвэрлэгдэж буй махны нийлүүлэлтийн талаар үнэн бодит мэдээллийг иргэдэд хүргэж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамд тус тус үүрэг болголоо.
|
Эх сурвалж
| Монополын эсрэг газар
|
АДМИН







Нийгэм






