Dark Light
Нийгэм | 2026-01-14

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН 28 КАБИНЫГ АГУУЛАХАД БУУЛГАЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дүүжин замын тээврийн төслийг БНФУ-ын “Пома” групп гүйцэтгэж, бүх тоноглолыг Францаас нийлүүлж буй. Яармагаас Хархорин чиглэлд баригдаж буй тус төслийн тоног төхөөрөмж, эд материалыг үе шаттайгаар импортолж буй бөгөөд өчигдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр 98 кабины эхний ээлж болох 28 кабин болон цахилгааны холболтын кабелиудыг агуулахад буулгажээ.  

Төслийн кабиныг ухаалаг, аюулгүйн системээр тоноглосон

Энэхүү кабиныг “Пома” группийн охин компани болох SIGMA-д үйлдвэрлэж, бүтээгдэхүүний стандарт, чанар, найдвартай байдал, аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр нийлүүлж буй аж. Пома группийн SIGMA үйлдвэр нь кабин үйлдвэрлэлийн туршилтыг хийхдээ 24 цагийн турш усаар шүршин ус нэвчилт байгаа эсэхийг шалгадаг бөгөөд кабины хаалга нээж, хаах ажиллагааг нарийвчлан шалгадаг. Түүнчлэн хаалга хаагдах үед хүний гар гэмтээх эрсдэл үүсэх эсэхийг даралт хэмжигч багажаар хэмжиж, хаалтын хүчийг килоньютнээр тодорхойлон тохируулдаг байна. Түүнчлэн хүний гар, хөл хавчигдсан тохиолдолд автоматаар мэдрэн буцааж нээх ухаалаг системтэй бөгөөд энэхүү тохируулга, туршилтыг Пома групп тогтмол хийдэг байна. Кабин - кабелийн хавчаар механизм нь автомат болон механик давхар түгжээтэй тул ашиглалтын явцад салж, мултрах эрсдэлийг бүрэн арилгадаг байна.
Кабины хийцлэлд хөнгөн цагаан хайлш, бат бөх ган материал ашиглан, зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс цохилтод тэсвэртэй, бутарсан ч аюул учруулахгүй тусгай шил суурилуулдаг. Хаалга нь хөдөлгөөн эхлэхтэй зэрэгцэн автоматаар түгжигдэж, зөвхөн буудал дээр бүрэн зогссон нөхцөлд нээгддэг ухаалаг системтэй. Мөн салхи, цаг уурын өөрчлөлтийг хянах мэдрэгчүүд суурилуулсан бөгөөд салхины хурд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрвэл систем автоматаар хурдыг багасгах эсвэл бүрэн зогсох горимд шилжинэ. 

Систем тасралтгүй ажиллах олон улсын стандарттай

Дүүжин замын тээврийн систем нь инженерийн нарийн шийдэл, олон давхар хамгаалалтад суурилсан аюулгүй байдлын цогц системээр гэдгээрээ орчин үеийн нийтийн тээврийн хамгийн найдвартай хэлбэрүүдийн нэгд тооцогддог талаар Дүүжин замын тээврийн төслийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны мэргэжилтэн Э.Энхбат ярьж байна. Тэрбээр “Дүүжин тээврийн систем нь олон түвшний аюулгүй ажиллагааны хамгаалалттай бөгөөд цахилгаан тасарсан нөхцөлд ч нөөц тэжээлийн эх үүсвэрээр ажиллах боломжтой. Онцгой нөхцөл үүсэхэд зорчигчдыг аюулгүй нүүлгэн шилжүүлэх тусгай төлөвлөгөө, аврах тоног төхөөрөмжийг олон улсын стандартын дагуу бэлэн байлгадаг. Эдгээр шийдлийг Улаанбаатар хотод хэрэгжиж буй дүүжин замын тээврийн системд бүрэн нэвтрүүлнэ” хэмээн онцлов. Аюулгүй байдлын эдгээр шийдлүүд нь зөвхөн зураг төслөөр хязгаарлагдахгүй бөгөөд ашиглалтад оруулахын өмнө нарийн шалгуур бүхий олон шатны туршилтаар баталгаажуулдаг байна. Бүрэн хүчин чадлаар ашиглалтад орохоос өмнө кабины зураг төслийн дагуу тооцоолсон ачааллыг орлуулах стандарт жинтэй туршилтын ачааллаар үе шаттайгаар туршилт явуулдаг ажээ. Улаанбаатар хотын дүүжин замын тээврийн төслийн хувьд нэг кабинд 10 зорчигч суух боломжтой. Тиймээс стандарт жинтэй шуудайтай элс, усаар орлуулан 850 кг-тай дүйцэх жинг байршуулж, нийт 3 сарын хугацаанд шат дараалсан туршилтыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Мөн Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээврийн кабинуудад халдаг сандлыг шийдэж өгсөн. Ингэснээр өвлийн улиралд ч зорчигчид дулаан тухтай зорчих боломжтой болно. 

Төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, хот байгуулалтын зохистой төлөвлөлтийг дэмжихээс гадна суурьшлын бүсүүдийг хооронд нь холбож, хотын нийтийн тээврийн системийг илүү үр ашигтай, байгальд ээлтэй болгох ач холбогдолтой. Мөн тухайн бүс нутгийн авто замын хөдөлгөөний дундаж хурдыг 4.0 хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.


Эх сурвалж | Нэгдсэн төслийн удирдлагын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07