Улсын ерөнхий прокурорын газраас нийтийн ашиг сонирхлыг хамгаалах аяныг 2025 оны сүүлийн хагас жил буюу 6 сарын хугацаатай “Эрүүл аюулгүй орчинд амьдрах-хүний эрх”, “Хүрээлэн байгаа орчныг хамгаалах-хүний эрх” чиглэлээр нэгж прокурорын газруудын дунд зохион байгууллаа.
Тус аянаар хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудтай хамтран хүрээлэн байгаа орчин, орон сууцны барилга, зам, хүүхдийн тоглоомын талбай, сургууль, сургуулийн дотуур байр, сургууль орчмын хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станц, нийтийн эзэмшлийн талбай, олон улсын чанартай засмал зам, уурын зуух зэрэг объект, төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцэж буй эсэхийг шалгах, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байдлыг тогтоож зөрчлийг газар дээр нь засуулах, зөрчлийг арилгуулахаар шаардлага, дүгнэлт, албан бичиг, мэдэгдэл бичиж холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах, нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт, яриа таниулга, хамтарсан уулзалт, зөвлөгөөн, хэлэлцүүлэг хийх зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж ажилласан байна.
Үүнээс тодорхой үр дүнд хүрсэн ажлуудаас дурдвал:
- Авлигын гэмт хэргийн улмаас иргэдийн шударгаар газар эзэмших, ашиглах эрх зөрчигдсөн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, “хууль бусаар газар олгосон захирамжийг хүчингүй болгох” албан бичгийг Нийслэлийн болон дүүргийн засаг дарга нарт хүргүүлж 15 иргэн, 1 хуулийн этгээдэд газар олгосон шийдвэрийг хүчингүй болгуулсан.
- Нэр бүхий 20 иргэн, аж ахуй нэгж өөрийн эзэмшлийн талбайг хэтрүүлж, нийтийн эзэмшлийн зам, талбайд барилга, байгууламж барьсан, хашаа татсан, нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний гарц хаасан 108 хашаа, хайсыг тус тус буулгуулсан, мөн нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр авто зогсоол байгуулж, төлбөр авч байсан 2 хуулийн этгээдийн авто зогсоолын үйл ажиллагааг зогсоосон.
- Орон нутгийн иргэдэд үйлчилгээ үзүүлж буй аж ахуй нэгж, байгууллагууд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай НҮБ-ийн конвенц болон холбогдох стандартуудыг зөрчсөн зөрчлийг судалж тухайн байгууллагуудад холбогдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний наад захын хэрэгцээ болох налуу шат, чиглүүлэх замтай байх шаардлагыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах тухай” прокурорын 24 нэхэмжлэл бичиж шүүхэд шилжүүлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалсан.
- Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын ахуйн болон энгийн хог хаягдлын талаар авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг судлан хог тээвэрлэх, ангилах, цуглуулах төвлөрсөн сав байхгүйгээс шалтгаалан иргэд байр, орцны гадна хэсэгт хогийг ил задгай хаяж орчныг бохирдуулж байгаа нь иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрх зөрчигдөж байна гэж дүгнэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн оршин суугчдын хүрээлэн байгаа орчин, нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхэд “хог хаягдлыг арилгуулж, хогийн савыг хүртээмжтэй тоогоор байрлуулах шийдвэр гаргуулахыг холбогдох албан тушаалтанд даалгах” тухай прокурорын нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэсэн.
- Алтай-Баянхонгор чиглэлийн улсын чанартай авто замын эвдрэл гэмтлийг нөхөх, тэмдэг тэмдэглэгээг стандартад нийцүүлэн засаж, сайжруулахыг ТӨХК-д даалгах прокурорын нэхэмжлэл гаргаж, шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр дээрх чиглэлийн 312 м.куб замыг халуун асфальт бетон хольцоор нөхөн эвдрэлийг засварлан, авто замын тэмдэг, самбарыг суурилуулж, ус зайлуулах шуудууг сэргээх зэрэг ажлыг хийж гүйцэтгүүлсэн.
- Ховд аймгийн прокурорын газар ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж буюу улсын онц чухал объект нь хууль, дүрэм, журамд заасан стандартад нийцэж байгаа эсэхийг шалгаж, шалгалтаар иргэдийн ундны эх үүсвэрт аюул учирсан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэж дүгнэн обьектийг стандартад нийцүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлсэн байна.
|
Эх сурвалж
| Улсын Ерөнхий Прокурорын газар
|
АДМИН







Нийгэм







