Mонгол-Солонгосын иргэд хамтарсан байж болзошгүй хууль бус цахим мөрийтэй тоглоомын хэргийг илрүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас Бүгд Найрамдах Солонгос Улсын нэр бүхий иргэд Монгол Улсын иргэдтэй бүлэглэн, цахим орчин ашиглан хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж, их хэмжээний ашиг олсон байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ.
Тодруулбал, уг хэргийг энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдөр илрүүлж, БНСУ-ын 3, Монгол Улсын 6, нийт 9 иргэнийг дайчлан баривчилсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааг прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгээр явуулж, холбогдогчдын байрлаж байсан орон байрнаас олон тооны гар утас, өндөр хүчин чадал бүхий компьютер, банкны карт, хадгаламжийн дэвтэр, олон улсын гүйлгээ хийх зориулалттай васко төхөөрөмж, гадаад улсын болон үндэсний мөнгөн тэмдэгтүүдийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцжээ.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нотлох баримт, хэргийн оролцогчдын мэдүүлэгт үндэслэн холбогдогч нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн
- 20.17 дугаар зүйл /мөрийтэй тоглоом зохион байгуулах/,
- 18.3 дугаар зүйл /татвар төлөхөөс зайлсхийх/,
- 18.6 дугаар зүйл /мөнгө угаах/
зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтайгаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Цагдаагийн байгууллагаас анхааруулахдаа, мөрийтэй тоглоом зохион байгуулах болон түүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогч хэрэгслээ ашиглуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17, 20.18, 20.19 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдож, 1-3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэл хүлээх эрсдэлтэйг сэрэмжлүүллээ.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







