Dark Light
Нийгэм | 2026-01-14

ХЭРЭЛДЭЖ ТАЛЦАЖ БУС ХЭЛЭЛЦЭЖ НЭГДЭЖ АЖИЛЛАХЫГ ХҮСЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд нар өнөөдөр (2026.01.14) Засгийн газрын тохируулагч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга удирдлагууд, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн дэд захирал П.Ганболд,  "МИАТ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн нартай уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо. 
Мөн энэхүү уулзалтад Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудлын менежментийг хариуцагч Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Нода Тэцүо, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК -ийн Гүйцэтгэх захирал Л.Цэнгүүнжав нар оролцлоо. 
Иргэний нисэхийн салбарын дарга удирдлагуудын зөвлөлдөх уулзалтад харьяа байгууллагуудын санхүү, хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд мөн оролцож, 2013 оноос хойш тендер нь зарлагдсан ч өнөөдрийг хүртэл гацаад ажил нь урагшлаагүй барилга байгууламж барих бүтээн байгуулалтын ажил гацсан шалтгаан,  тендерт шалгарсан болон ажлаа хийж гүйцэтгээгүй  оролцогчийн талаарх товч мэдээлэл, хуулийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зэргийг салбарын сайдад товч танилцуулж, мэдээлэл солилцлоо. 
Уулзалтаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, ингэхдээ 2026 оны дөрөвдүгээр сард Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас манай улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын үйл ажиллагаанд хийгдэх (ICAO)-ын шалгалтад амжилттай хамрагдах, богино хугацаа үлдсэн тул байгууллага хамт олон, бүтэц бүрэлдэхүүнээрээ илүү шаргуу хичээж ажиллах шаардлагатай байгааг анхаарууллаа.  
Мөн иргэний нисэхийн салбарт энэ онд хийхээр төлөвлөгдсөн томоохон ажлуудад хэрэлдэж талцаж бус хэлэлцэж нэгдэж, идэвх санаачилгатай, нэг баг болон хамтарч ажиллахыг хүслээ.  Цаашид иргэний нисэхийн салбарын аль ч байгууллагад аливаа ажлыг танил тал, ар өврийн хаалга, албан тушаалын оролцоотой шийдвэрлэдэг, өөрт ашигтай л биш бол ажил гацаадаг хүмүүсийг ажлаас нь халж, АТГ-т өгч шалгуулах болно гэдгийг хатуу анхаарууллаа. 
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хувьд энэ салбарт ирж ажиллахдаа  нисэхийн салбарын аль ч байгууллагын бүтэц бүрэлдэхүүнд шинэ томилгоо халаа сэлгээ хийгээгүй, хуучин бүтэц бүрэлдэхүүнээрээ буюу салбартаа хамгийн олон жил ажилласан, ажилдаа мэргэшсэн чадварлаг хүмүүс ажиллаж байгааг сануулаад, ажил гацдаг, удааширдаг шалтгаан нь ашиг сонирхлын зөрчилтэй шууд холбоотой гэдгийг мөн анхааруулав. 
Иргэний нисэхийн салбарт 2025 онд хийгдсэн  чухал ажлын нэг нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар түүхэндээ анх удаа агаарын навигацийн үйлчилгээний хураамжаас улсын төсөвт төвлөрүүлэх хэмжээг бууруулж, 40 тэрбум төгрөгийг олон улсын нислэгийн аюулгүй байдлыг хангах навигацийн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд зарцуулах боломжийг шийдвэрлэж өгсөн. Тиймээс энэ онд иргэний нисэхийн салбарт хийхээр төлөвлөгдсөн бүтээн байгуулалтын ажилд хүн бүр идэвх санаачилгатай оролцох, төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх томоохон ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхэд хичээл зүтгэлтэй, санаачилгатай, нэгдэж ажиллахыг салбарын сайд нийт дарга нарт үүрэг болгов.  
Тухайлбал, бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын шинэ төв барих, агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, иргэний нисэхийн салбарын боловсон хүчин бэлтгэх, хүний нөөцийг зөв бүрдүүлэх, хууль эрх зүйн хүрээнд хийх ажлуудын талаар санал солилцлоо. 
Иргэний нисэхийн салбарт нисэх буудал болон зорчигч тээврийн урсгалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг эрчимжүүлэх, ялангуяа олон улсын шууд нислэгтэй болгохоор зорьж буй 4 аймгийн нисэх онгоцны буудал болох “Ховд”, “Мөрөн”, “Чойбалсан”, “Дэглий цагаан” нисэх буудлыг олон улсын шууд нислэгтэй болгоход чиглэсэн бэлтгэл ажлыг хангах, дотоодын авиа компаниуд ойролцоох улс хотуудын нислэгийн чиглэлүүдийг тодорхойлж, хуваарилах,  аялал жуулчлал идэвхжиж буй энэ цаг үед шууд нислэг хийх боломжит бүх хувилбаруудыг бүрэн дүүрэн ашиглаж, суурийг нь зөв тавих нь чухал байгааг онцоллоо. Энэ хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг тухай бүрд яаралтай зөвлөлдөж, шуурхай шийдвэрлэх шаардлагатайг сануулав. 
Хурлаар мөн Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудлын менежментийг хариуцагч Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Нода Тэцүо, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК -ийн Гүйцэтгэх захирал Л.Цэнгүүнжав нарт "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг өргөтгөх ажлын хүрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзсан тухай мэдээлэл, мөн ирэх сард Япон Улсад хийх албан айлчлалын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлын талаар танилцуулж, талууд ойрын хугацаанд дахин уулзалт товлож, цаашид анхаарах шаардлагатай зарим асуудлын талаар санал солилцохоор тохиролцов.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07