Хятадын хойд хэсэгт орших томоохон гангийн үйлдвэрт болсон хүчтэй дэлбэрэлтийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, 84 хүн гэмтэж, зургаан хүн сураггүй алга болсон тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.
Өвөр Монголын өөртөө засах орны Баоганг Юнайтед Гангийн үйлдвэрт ням гарагт орон нутгийн цагаар 15:00 цагийн орчимд дэлбэрэлт болсон бөгөөд үүний улмаас тухайн бүс нутагт хүчтэй чичиргээ мэдрэгдсэн байна. Онлайнаар тархсан бичлэгүүдэд асар их утаа тэнгэрт дэгдэж, үйлдвэрийн доторх тааз нурж, хоолой болон бусад хог хаягдал газраар нэг тархсан байдалтай байна. Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тав нь хүнд гэмтэл авсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Эрх баригчид дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгалт явуулж байна. Баоганг Юнайтед Стил нь Хятадын төрийн өмчит, томоохон төмөр, гангийн үйлдвэрүүдийн нэг юм.
Хятад улс өмнө нь үйлдвэрийн дэлбэрэлт, уурхайн нуралт, үер, шавар шавхайн гамшиг зэрэг үйлдвэрлэлийн осол, гамшгийн урт түүхтэй. Тухайлбал, 2015 онд Тяньжиний боомтод болсон хоёр удаагийн хүчтэй дэлбэрэлтийн улмаас 173 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн гэмтэж бэртэн, хотын томоохон хэсэг сүйдэж байв. Мөн өнгөрсөн оны тавдугаар сард Шаньдун мужийн зүүн хэсэгт байрлах химийн үйлдвэрт дэлбэрэлт болж, таван хүн нас барж, дор хаяж 19 хүн шархадсан бөгөөд дэлбэрэлтийн долгионоор ойролцоох барилгуудын цонхнууд хагарч байжээ.
Т.УНДРАХБАЯР






Нийгэм








