Он гарснаас хойш осголт, хөлдөлттэй холбоотой харамсалтай тохиолдлууд бүртгэгдсээр байна. Албаны эх сурвалжийн мэдээллээр 2026 он гарснаас хойш осголтын улмаас 13 иргэн амь насаа алдсан байна.
Хүйтний эрч эрс нэмэгдсэн сүүлийн өдрүүдэд цагдаагийн байгууллагад осгосон байдалтай нас барсан 4 иргэн, осгосон байдалтай хүн олдсон 2 тохиолдол зэрэг осголт, хөлдөлттэй холбоотой нийт 6 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Эдгээр дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар 47-64 насны иргэд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеэ авч явах чадваргүй болж, гудамжинд болон хашаандаа осгож амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Харин осгосон байдалтай олдсон хоёр иргэний хувьд мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ удаан хугацаанд гадаа хөдөлгөөнгүй байсан бөгөөд улмаар гарын сарвуу, хөлийн тавхайн хэсэг нь хөлдсөн байдалтай эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн байна.
Цагдаагийн байгууллагаас 2025 онд осголт, хөлдөлтийн улмаас иргэд амь насаа алдсан 141 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байжээ. Осголт, хөлдөлт нь хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахаас гадна насан туршийн хөдөлмөрийн чадвараа алдах, цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тул иргэдийг онцгойлон анхаарахыг сэрэмжлүүлж байна.
Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хүйтний улиралд хөдөө орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, баталгаатай замаар зорчих, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх зэргээр өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Б.АМАРТҮВШИН






Нийгэм








