Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн албаны хүмүүсийн хамт нийслэлийн зүүн чиглэлийн “Амгалан” зах, “Жанжин” худалдааны төвийн “Малчид мал худалдаалах цэг”-т ажиллаж, худалдаа эрхлэгчидтэй уулзалт хийж, санал хүсэлтийг нь сонсон шийдвэрлэж ажиллалаа.
Хяналт шалгалтын явцад “Амгалан” захад худалдаалагдаж буй махны үнийн хувьд 2025 оны 11-12 сард өсөлттэй байсан бол он гарснаас хойш нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой үнэ харьцангуй тогтворжсон. Харин “Жанжин” худалдааны төвийн “Малчид мах худалдаалах цэг”-т үйл ажиллагаа эрхэлж буй махны худалдаачдын хувьд үнэ төдийлөн өсөөгүй гэсэн тайлбарыг өгч байсан юм.
“Амгалан” захад үхрийн ястай мах 22’500 төгрөг, цул 25’500-28’500 төгрөг, хонины мах гулуузаар килограмм нь 14’000 төгрөг, ястай мах жижиглэнгээр 17’000 төгрөг, цул нь 19’500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин “Жанжин” худалдааны төвийн “Малчид мах худалдаалах цэг”-т үхрийн ястай мах 18’000-19’500 төгрөг, цул 22’000 төгрөг, хонины мах гулуузаар килограмм нь 14’000 төгрөг, ястай нь 16’000 төгрөг, адууны мах 12’500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн тус зах, худалдааны төвийн захиргаа, худалдаачдад махны хангамж, нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах, хэрэглэгчдийн мэдээлэл авах эрхийг хүндэтгэх, махны үнийн өөрчлөлттэй холбоотой нотлогдоогүй бодит бус мэдээлэл түгээх, тогтворгүй байдал үүсгэхэд чиглэсэн мэдээлэл түгээхгүй байхад анхаарах, үндэсний уламжлалт цагаан сарыг угтан худалдааны соёл, хандлагыг дээшлүүлж ажиллах зэрэг асуудлаар чиглэл өгч ажиллалаа.
|
Эх сурвалж
| Монополын эсрэг газар
|
АДМИН








Нийгэм









