Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлалтай хамтран "Говийн чоно-2026" олон улсын дадлага сургуулийг Увс аймагт зохион байгуулахтай холбогдуулан сургуулийн бодлого боловсруулах ажлын хэсгийн уулзалт энэ сарын 21-23-ний өдрүүдэд ОБЕГ-т болж байна.
Ажлын хэсгийн хурлыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, АНУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны Атташегийн орлогч, хошууч Дмитрий Леонтев нар ахалж байгаа бөгөөд энэ үеэр сургуулийн агуулга, хөтөлбөрийг бүс, орон нутгийн гамшгийн төрөл, эрсдэлт хүчин зүйл, онцлог, хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээнд тулгуурлан боловсруулах юм.
Байгалийн гамшгийн давтамж, эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед гамшгийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулахад олон улсын хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтой. Энэ хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Говийн чоно” дадлага сургууль нь байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын хүмүүнлэгийн тусламжийг үр дүнтэй зохион байгуулах, чиглүүлэх зорилготой “Номхон далайн орнуудын гамшигт тэсвэртэй байдлын дадлага сургууль, солилцооны хөтөлбөр”-ийн нэг хэсэг юм.
Увс аймаг нь Монгол Улсын баруун хязгаарт орших, уулархаг тогтоцтой, гол мөрөн, нуур цөөрөм олонтой бүс нутаг бөгөөд тал хээр, уул нуруу, голын сав газар, нуурын экосистем зэрэг олон төрлийн байгалийн тогтоц нэг дор бүрэлдсэнээрээ онцлогтой. Үүнээс үүдэж цасан шуурга, үер зэрэг аюулт үзэгдэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Тиймээс “Говийн чоно-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хамтын ажиллагааг бодитоор туршин сайжруулах, оролцогч талууд туршлага, мэдлэгээ солилцох, практик сургалтаар дамжуулан шинэ сорилтуудыг даван туулах чадавхаа бэхжүүлэх, улмаар урт хугацааны түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэж байна.
АДМИН








Нийгэм









