Монгол Улс Зэвсэг хураах бага хурал (ЗХБХ)-ын 2026 оны эхний даргын хувиар 1 дүгээр сарын 20-нд хурлын анхны нэгдсэн хуралдааныг НҮБ-ын Женев дэх төв байранд хуралдуулав. Хуралдааныг Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төвийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа даргалав.
Байнгын төлөөлөгч ЗХБХ-ыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсад итгэл хүлээлгэсэн гишүүн орнуудад талархал илэрхийлж, даргын үүргийг шударга, ил тод, бүтээлч хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэхээ мэдэгдэв. Тэрээр 2026 он нь олон улсын зэвсэг хураах хэлэлцээний хувьд онцгой ач холбогдолтой жил бөгөөд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх бага хурал болон шинэ төрлийн зэвсгийн системийн талаарх хэлэлцүүлгүүд эрчимжиж буйг онцоллоо.
Монгол Улс цөмийн зэвсэггүй бүсийн статустай, энх тайванч, дүрэмд суурилсан олон улсын хамтын ажиллагааг тууштай дэмждэг орны хувьд ЗХБХ-ын ажлыг урагшлуулахын төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Тэрээр стратегийн үл итгэлцэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд ЗХБХ нь яриа хэлцээ, дипломат ажиллагаа, хамтын хариуцлагыг бэхжүүлэх гол талбар хэвээр байгааг тэмдэглэв.
2026 оны хуралдаан гурван үе шаттай үргэлжлэх бөгөөд Монгол Улс даргалах хугацаандаа цөмийн зэвсгийг хорогдуулах, сөрөг аюулгүй байдлын баталгаа, сансрын уудамд зэвсгийн өрсөлдөөнөөс сэргийлэх, цэргийн зориулалттай шинэ технологийн зохицуулалт зэрэг үндсэн сэдвүүдээр үр дүнд чиглэсэн хэлэлцүүлэг өрнүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Нээлтийн хуралдаанд оролцсон төлөөлөгчид Монгол Улсад амжилт хүсэж, өнөөгийн геополитикийн нөхцөл байдалд ЗХБХ-ын үүрэг улам бүр нэмэгдэж буйг тэмдэглэв. Мөн олон жил үргэлжилсэн зогсонги байдлыг даван туулахын тулд улс төрийн шинэ эрмэлзэл шаардлагатайг тэмдэглэв. Хуралдааны үеэр ЗХБХ-ын 2026 оны хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталж, энэ жилийн ажлын үндсэн хүрээг тодорхойлов. Хуралдаан олон нийтэд нээлттэй явагдаж, НҮБ-ын Женев дэх албанаас шууд дамжуулав.
ЗХБХ нь 65 гишүүнтэй, олон улсын аюулгүй байдал болон стратегийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр яриа хэлэлцээ явуулдаг НҮБ-ын цорын ганц байнгын олон талт форум бөгөөд цөмийн зэвсгийг хорогдуулах, шинэ төрлийн зэвсгийн өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, улс орнуудын аюулгүй байдлын баталгааг хэлэлцэх зэрэг дэлхийн энх тайван, тогтвортой байдалд шууд нөлөөлөх асуудлуудыг авч үздэг. Улс орнуудын байр суурийг ойртуулах, итгэлцлийг сэргээх, олон жил гацсан хэлэлцээг урагшлуулах боломж олгодгоороо энэ форум олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд онцгой ач холбогдолтойд тооцогддог.
АДМИН








Нийгэм








