Манай улсад хар тамхины хэрэглээ, гэмт хэрэг, зөрчил жил ирэх тусам өсөж, улмаар үндэсний аюулгүй байдал, монгол хүний амь нас, эрүүл мэнд, удмын санд ноцтой хор уршиг учрах эрсдэлтэй нөхцөл байдалд хүрсэн, хар тамхинд донтсон хүнд эрүүл мэндийн болон сэтгэц-нийгэм, нийгмийн хамгааллын тусламж, үйлчилгээ үзүүлэх асуудал орхигдсон, мөн хуулиар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийг бүрэн, тодорхой зохицуулаагүйгээс далд нууц, зүй бус эргэлтийн эрсдэлт байдал их, түүнчлэн олон улсын гэрээнд заагдаагүй шинэ төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис ихсэж, хэрэглэгдэх болсон, шинэ төрлийн бодис нь олон улсын гэрээнд заасан жагсаалтад байхгүй гэдэг үндэслэлээр гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх боломжгүй нөхцөл байдалтай байсаар байна.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасан.
Мөн Улсын Их Хурлын Байнгын хорооны 2025 оны 5 дугаар сарын 14-ний 1 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 7 дугаар сарын 25-ны 4 дүгээр албан даалгавраар одоо мөрдөгдөж буй Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг шинэчлэх арга хэмжээ авахыг даалгаад байна.
Энэ хүрээнд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан бөгөөд өнөөдөр(2026.01.22) тус хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг төрийн байгууллага, хувийн болон иргэний нийгмийн байгууллага, сонирхогч иргэдийг оролцуулан зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, холбогдох албаны хүмүүс оролцож, хуулийн төслийн шинэ зохицуулалтууд болон ялын бодлого, мөн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын дотоодын нөхцөл байдал, донтох эмгэгтэй хүмүүсийг эмчлэх, эмчилгээний арга зүй, олон улсын сайн жишиг зэрэг гол анхаарал хандуулж буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Тодруулбал:
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх нийгэмд чиглэсэн ажлуудыг түлхүү хийх
- Хууль сахиулах байгууллагуудын хүчин чадлыг мэргэшсэн боловсон хүчин, техник тоног төхөөрөмж, лабораторийн хүчин чадлыг сайжруулах,
- Донтох эмгэгтэй хүмүүсийг эмчлэх, эмчилгээний арга зүй, эмчлэгч эмч боловсон хүчний нөөцийг бий болгох, энэ төрлийн тусламж, үйлчилгээ явуулах Сэргээн засах төвийг байгуулах,
Монгол Улс 1961 ,1971, 1988 онд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай НҮБ-ын баталсан конвенцуудаар хүлээсэн үүргээ билүүлж, Үндэстэн дамнасан гэмт хэргээс ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлж, үр дүнтэй тэмцэхэд гадаад улс орнуудтай идэвхтэй хамтран ажиллах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, дотоодын жагсаалттай болох, шинэ төрлийн бодисоос хамгаалах, бодисын хууль ёсны эргэлтийн хэлбэрүүдийг тодорхойлж, зөвшөөрөл, бүртгэл, хяналтын тогтолцоонд оруулах зайлшгүй шаардлагатай байна гэлээ.
Эдгээр цогц бодлогын хүрээнд тус хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан бөгөөд эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжид байгаа ял шийтгэлийн бодлогыг чангатгах, хууль эрх зүйн тогтолцоонд байгаа сул талуудыг засаж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хариуцлагыг чангатгана гэж дэд сайд онцоллоо.
Хуулийн төслийн хэлэлцүүлэгт Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албаны тандалт судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга, д/х Б.Зоригтбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжиж байгаа Сэтгэц-нийгмийн сэргээн засах төвийн зохицуулагч Б.Түмэндэмбэрэл нар илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо мөн солилцлоо.
Манай улсад одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль 2002 онд буюу 24 жилийн өмнө анх батлагдсан бөгөөд тус хуулийн хэрэгжилт болон үр дагаварт хийсэн судалгааны дүнгээр тус хуулийн зохицуулалт одоогийн нөхцөл байдалд зохицуулах чадвараа алдсан, шуурхай шинэчлэх шаардлагатайг тодорхойлсон байна.
АДМИН








Нийгэм








